Элон Маск "Ford" компанийн автомашинуудаа шударгаар өрсөлдүүлэх саналыг хүлээн авлаа
Өнгөрсөн даваа гаригт "Tesla" компани өөрсдийн шинэ жийп загварын автомашин "Cybertruck"-аа "Ford"-ын "F-150"-аас илүү гэдгийг харуулахын тулд тус 2 загварын хооронд олс таталтын тэмцээн явуулсан билээ. Тус тэмцээнд "Cybertruck" яалсан бөгөөд тэмцээний бичлэгийг хэдэн сая үзэж цахим ертөнцөд шуугиан дэгдээсэн байна.
Харин энэ тэмцээн шударга бус байсан гэж "Ford" компани үзсэн аж. Тус компанийн гүйцэтгэх захирал Санни Мадра ийм үйл явдал болох гэж байгааг мэдээгүйгээ дуулгаад "Ford"-ын зүгээс төлөөлөгч байгаагүй, мөн тэмцээнд оролцсон автомашинуудад техникийн үзлэг явуулж бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгааг батлаагүй гэж мэдэгдсэн байна. Тэрбээр "Бид хурд хүч бус үйлчлүүлэгчийн тав тухад анхаарч ирсэн. Гэхдээ бид халз тулахаас хэзээ ч айхгүй" хэмээн хувийн твиттертээ жиргэжээ. Энэхүү явдал нь "Ford" компани "Cybertruck"-ын тухай хийж байгаа анхны мэдэгдэл юм.
Харин "Tesla" компанийн үүсгэн байгуулагч Элон Маск "Тэгвэл хүрээд ир" гэж жиргэсэн бөгөөд энэ нь тус 2 компанийн өрсөлдөөн албан ёсоор эхэлсний тэмдэг боллоо гэж шинжээчид үзсэн байна.
"Ford" компани Америкийн жийп машины зах зээлд ноёрхдог бөгөөд энэхүү тэргүүллийг нь "Tesla" компани "Cybertruck"-аараа дамжуулан булаан авах зорилготой байгаа юм. Одоогийн байдлаар хаана хэзээ ямар байдлаар "Ford", "Tesla" нар өрсөлдөх нь тодорхойгүй байна.