Агаар дахь нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн дээд хэмжээнд хүрлээ
Хүлэмжийн хийн концентраци 2018 онд үргэлжлэн нэмэгдэж, нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ 407.8 нэгж болж түүхэн дэх хамгийн дээд хэмжээнд хүрсэн байна гэж Дэлхийн цаг уурын байгууллагын даваа гаригт гаргасан тайланд тэмдэглэжээ. НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн бага хурал 12-р сарын 2-нд эхлэхээс хэдхэн хоногийн өмнө гарч байгаа тус тайланд хүний буруутай үйл ажиллагааны үр дүнд хэрхэн байгаль дэлхий хохирч байгааг харуулахыг зорьсон гэж дурьдсан байна.
Хамгийн сүүлд дэлхийн агаар мандалд нүүрсхүчлийн давхар ислийн агууламж ийм түвшинд ойролцоогоор 3 сая жилийн өмнө хүрч байсан бөгөөд агаарын температур дунджаар жилд целсийн 3 хэмээр илүү, далайн түвшин 20 метрээр илүү байжээ.
"Уур амьсгалын өөрчлөлтийн талаар Парисын хэлэлцээрийн дагуу хүлээсэн бүх амлалтыг үл харгалзан агаар мандалд хүлэмжийн хийн агууламж саарч байгаагийн шинж тэмдэг байхгүй" гэж ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Таалас хэвлэлийн бага хурал дээр хэллээ.
Уг тайланд дэлхийн дулааралд ихээхэн хувь нэмэр оруулдаг хүлэмжийн хийн агууламж: нүүрстөрөгчийн давхар исэл, метан, азотын исэл зэргийг нарийвчлан тусгасан болно. Эдгээр хий нь дулааныг удаан барьж, агаар мандалд удаан хугацаагаар үлдэж чаддаг. Тэдгээр нь илүү их концентрацитай байх тусам дулааныг илүү нэмэдүүлдэг. Мөн нүүр хүчил буюу CO2 нь дулааралд хамгийн их хувь нэмэр оруулдаг бөгөөд усанд ууссан тохиолдолд түүн доторх бүх амьтадыг устгах аюулыг дагуулдаг байна.