Ж.Эрхэмбаатар: ЖДҮ дээр эрүүгийн хуулиар хэн ч хариуцлага хүлээхгүй
“Онч шийдэл” хуулийн фирмийн хуульч Ж.Эрхэмбаатартай ЖДҮ тойрсон асуудлаар ярилцлаа.
-Танай хуульчдын баг нэлээд хэдэн сарын өмнө ЖДҮ-гийн хэргийн эх үүсвэр болсон ххаахҮ-ийн сайдын 2018 оны а01 тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаад гомдлоо авч байсан. гэтэл өнгөр-сөн сард та бүхний нэхэмжлэлийг Улсын дээд шүүхээс хэрэгсэхгүй болгочихлоо. Үр дагавар нь юу болж үлдэв?
-Юуны өмнө бид яагаад энэ хэрэг дээр ажиллах болсныг тайлбарлах нь зөв байх. Манай хуулийн фирм 2010 онд Сангийн яамтай өр, авлага барагдуулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулаад ажиллаж эхэлсэн. Мөн 2012 онд ЖДҮХС-тай 89 хариуцагчтай, 10 орчим тэрбум төгрөгийн зээлийн авлага барагдуулах ажлыг хариуцаж зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилласан. Ингэж ажиллах явцад гадаадын донор байгууллагаас орж ирсэн эх үүсвэрийг дотоодын аж ахуйн нэгжүүд авч ашиглаад эргэж төлдөггүй жишээтэй анх нүүр тулж байлаа.
ЖДҮХС дээр төслийг сонгон шалгаруулах, түүнд зээл олгох, зээлийн эрсдэлийг удирдах удирдлагын чанар ямар байна, хамгийн чухал нь эргэн төлөлт ямар байгаатай нүүр тулж ажилласан гэсэн үг. Энэ явцад хэд, хэдэн зөрчил харагдаж байсан. Жишээ нь, 1998-2003 онд олгогдсон зээлийг 2010 онд буюу 7-10 жил өнгөрсний дараа авлага барагдуулахаар шүүхэд өгч байсан. Гэрээнээс үүдэлтэй шаардах эрх Иргэний хуульд зааснаар гурван жил байдаг учраас хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийнэ дуусчихсан гэх мэт. Үндсэндээ 2013 онд ЖДҮ-тэй холбоотой энэ асуудал ил болчихсон байсан. Тухайн үед бид холбогдох албадад хэлж байсан. Хэвлэл мэдээллийн байгууллагад ч хандаж байсан. Сангийн яамны өр авлага тухайн үеийн ханшаар 250 тэрбум, одоогийн ханшаар 500 тэрбум төгрөгийн дүнтэй. ЖДҮХС-гийн асуудал 10 орчим тэрбум төгрөгийн дүнтэй хэрэг байсан. Харамсалтай нь олон нийтийн анхааралд ороогүй. Бидний өгсөн зөвлөмж зааврыг хэрэгжүүлээгүй. “Аз болж” ЖДҮ-гийн хэрэг илэрсэн. Сангаас зээл авч, өөрийнхөө бизнесийг дэмжих санхүүгийн хөшүүрэг болгож ашигласаар байгаад улайм цаймдаа гарчихсан, айж эмээх зан нь бүр арилаад ил тод шууд өөрийн компанидаа зээл авах байдлаар хэрэгжих хэмжээнд тулчихсан байсан. Бүх шийдвэр нь баримттай, алхам тутамдаа хууль зөрчсөн учраас ЖДҮХС-гийн асуудлыг олон нийт эсэргүүцэж, хэвлэл мэдээллийн байгууллага ч өлгөж аваад нэлээд ярьсан. Энэ дуулианы үр дүнд төсвийн мөнгийг зохисгүйгээр, ашиг сонирхлын зөрчилтэй зарцуулж байгаа хувийн бизнесийг дэмжих зорилготой төрийн өндөр дээд албан тушаалтнууд авч байгааг хэлэх завшаантай мөч тохиосон. Тийм учраас бид энэ асуудал дээр зүгээр сууж болохгүй гэдэг үүднээс шүүхэд хандсан. Хандахдаа хоёр нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээрх нь, ЖДҮХС-гаас төсөл сонгон шалгаруулах журамд оруулсан нэг өөрчлөлтийг хууль бус байна гээд хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл. Нөгөө нь нэр бүхий 16 компанид зээл өгсөн А88, А131, А141 тушаал буюу УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудад хамаарах компанид олгосон зээлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Энэ хоёр хэргийн хоёулангийнх нь хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд.
-ХХААХҮ-ийн сайдын ЖДҮ-ийн төслийг шалгаруулах журамд оруулсан өөрчлөлт ихээхэн маргаантай, маапаантай байдаг. Та бүхэн яг юу гэж үзсэн юм бэ?
-Хэм хэмжээний актыг удирдлага болгож нэхэмжлэл гаргасан нь өөрөө их учиртай. Нэгдүгээрт, ЖДҮ-ийн хэрэг бол хулгай гэдэг нь батлагдаад байгаа. Энэ хулгай хуулийн “хулгай”-тай зэрэгцүүлж хосолж үйлдсэнээрээ онцлогтой. Энэ хэргийг судлаад үзэхээр хуульд нэг өөрчлөлт ороход ямар хохирол учруулж болдгийн жишээ бол энэ ЖДҮ. Хуульд нэг заалтад өөрчлөлт оруулахад ямар том хэмжээний хулгай илэрч болдог вэ гэдгийн нэг жишээ ЖДҮ юм. Тодруулж хэлье. 2016 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр Засгийн газраас 138 дугаар тогтоолоор ЖДҮХС-гаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам гэдгийг баталсан. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14.5.2-д ЖДҮХС-гаас олгох зээлийн сонгон шалгаруулах журмыг Засгийн газар батлах байсан. Гэтэл 2017 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр тус хуулийн ганцхан заалтад өөрчлөлт орсон. Тэр нь 14.5.2 буюу Засгийн газар баталдаг журмыг сайд баталдаг болгож УИХ-аас өөрчилсөн. Ингэснээр нэг сайд дээр зээл сонгон шалгаруулах, зээл өгөх, зээл эргэн төлүүлэх, магадгүй эргэн төлүүлэхгүй байх эрх төвлөрсөн. Хуулийн хулгай гэж хэлсэн учир нь дараа нь үүссэн бүх үр дагавар, гарсан шийдвэрүүдийг хөөгөөд үзэхээр 2017 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр хуулийн нэг заалтад орсон өөрчлөлт дараагийн бүх үр дагаврыг үүсгэсэн байдаг. Уг нь Хууль тогтоомжийн тухай хуулиар аливаа хуулийн нэмэлт өөрчлөлт судалгаатай, эрх ашиг нь хөндөгдөх хүмүүст танилцуулсан, ил тод байх ёстой байтал энэ шаардлагыг хангаагүй. Тэгээд 2017 оны зургадугаар сарын 12-ны өдөр А76 дугаар тушаал гаргаад ХХААХҮ-ийн сайд журмаа баталсан байдаг. Энэ журмын 6.7 гэдэг заалт бий. Энэ заалтад өмнө нь зээл олгоно гээд шийдвэр гаргаад зээлийн эх үүсвэрээ хүлээж байсан байсан аж ахуйн нэгжүүдэд олгохоор заачихсан. Гэтэл үүнийгээ хүчингүй болгочихсон. Ингэснээр тэргүүн ээлжинд санхүүжилт авахаар байсан аж ахуйн нэгжүүд зээл авахгүй болгочихсон. Дараа нь дахиад 2018 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр өмнө нь зээл өгье гэсэн тушаалуудаа бүгдийг хүчингүй болгосон.
-Журам, тушаалуудыг ингэж хүчингүй болгосон үндэслэлээ юу гэж тайлбарласан байдаг вэ?
-Төсвийн тодотголоор зээлийн санхүүжилтийг тусгах гэсэн боловч тусгагдсангүй. Тэгэхээр энэ зээлийг санхүүжүүлэх эх үүсвэр байхгүй байна гэсэн байдаг.
-Гэхдээ хоёр сарын дараа зээл олгоод эхэлсэн байдаг шүү дээ?
-Ингээд сайд өөрөө журмаар ч зээлийг санхүүжүүлэх үүрэг хүлээхгүй. Дээр нь үүрэг хүлээсэн тушаалаа өөрөө хүчингүй болгосон. Бидний мэдэж байгаагаар 54 аж ахуйн нэгжийн зээлийг өгөхгүй гэж мэдэгдсэн. Гэтэл дөрөвдүгээр сард сонгон шалгаруулалт явагдсан. ЖДҮХС мөнгөтэй болчихсон. Ингээд тавдугаар сарын 14-нд сайдын А88 гэдэг тушаалаар 134 аж ахуйн нэгжид 100 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон. Монгол Улсын Ерөнхий прокурорын УИХ-ын чуулган дээр хэлсэн мэдээлэлд “Эдгээр 134 аж ахуйн нэгжээс 120 орчим нь ямар нэгэн байдлаар төрийн өндөр дээд албан тушаалтантай холбоотой байсан” гэсэн. Нэг хуулийн зүйл заалтын цаашид үүссэн үр дагавар, нэг хүнд эрх мэдэл төвлөрлөхөөр дур зоргоороо аашилсан нэг жишээ энэ. 2018 оны зургадугаар сарын 21-нд Улсын бүртгэлийн ерөнхий хууль батлагдсан. Энэ багц хуулийн 12.2-т улсын бүртгэлийн хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийг нээлттэй болгочихсон. Энэ заалтаар л ЖДҮ-тэй холбоотой булхай илэрсэн. Хэн дуртай нь компанийн хувь эзэмшигч хэн байна, гүйцэтгэх захирал хэн байгааг мэдэх боломжтой болсон. Нэг заалт хууль эрх зүйн орчныг бий болгоод нийгэмд үүссэн шударга бус албан тушаалтны дур зоргыг хязгаарлаж болох юм байна, зогсоож болох юм байна гэдгийн тод жишээ бол ЖДҮ юм.
-Ийм ноцтой асуудлыг бий болгосон сайдын тушаалыг хууль бус гэдгийг батлах боломжгүй гээд Улсын дээд шүүхээс үзчихсэн байдаг...
-Өөртөө эрх олгосон буюу төслийг санхүүжүүлэх үүргээс чөлөөлж, бусдад давуу байдлыг бий болгосон өөрчлөлт хийжээ гэдгийг давж заалдах шатны шүүх тогтоогоод хүчингүй болгочихсон. Гэтэл Дээд шүүхэд асуудал очсон. Нэхэмжлэл гаргаад явж байх явцад ЖДҮХС-гаас зээл сонгон шалгаруулах журмыг хүчингүй болж, шинэ журам батлагдсан. Тэгэхээр бид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд тухайн үед үйлчилж байсан хэм хэмжээнгий акт хууль бус байсныг тогтоолгоё гэдэг байдлаар хандсан. Хэдийгээр одоо хүчингүй болчихсон ч тухайн үйлчилж байсан цаг үедээ хууль бус байсныг тогтоох эрх мэдэл захиргааны шүүхэд байна уу үгүй юү гэдгийг тогтоохыг хүссэн. Давж заалдах шатны шүүх байна гэж үзсэн. Дээд шүүх бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.8-д дээрх асуудлыг тогтоох эрх мэдэл олгогдоогүй байна гээд хэрэгсэхгүй болгосон. Ингээд бид ялагдсан гээд байгаа юм. Энэ маргаан зөвхөн Монголд байгаа юм биш. 1978 онд ХБНГУ-д яг ийм маргаан үүссэн. Хэм хэмжээний акт үйлчилж байх явцдаа хэдийгээр одоо хүчингүй болсон ч гэсэн хууль бус байсныг тогтоох бодит ямар шаардлага байна уу гэдэг маргаан үүссэн байдаг. Энэ хэм хэмжээний актын үр дагавар одоо болтол үйлчилж байгаа. Үүнээс үүдэлтэй хохирол одоо болтол байгаа учраас хууль бус байсныг тогтоогоод үүнээс үүдэлтэй хохирлоо нэхэмжлэх бололцоотой гээд 1978 онд шийдээд жишиг тогтоочихсон. Манайх бол хүчингүй болгосон. Асар хохиролтой шийдвэр болсон. Хэрэв энэ кейс дээр бид ялаад тушаал хууль бус байсныг тогтоосон бол нөгөө тушаалаас үүдэлтэй зээл авъя гээд хүлээж байсан 54 аж ахуйн нэгж өөрт учирсан хохирлоо тухайн үед хууль бус тушаал гаргасан хүнээр төлүүлэх бололцоотой болох байсан.
-УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниудтай холбоотой хэрэг ямар шатанд явна вэ?
-А88, А131, А141 гэсэн сайдын тушаалаар төрийн өндөр дээд албан тушаалтнууд зээл авчихсан. Зээл өгнө гэсэн тушаалтай холбоотой заалтыг хүчингүй болгуулъя гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэрэг анхан шатны шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. 16 компани бүгд гуравдагч этгээдээр татагдаад байгаа.
-АТГ-аас хэдхэн хоногийн өмнө мэдээлэл хийхдээ ЖДҮ-ээс зээл авч банк бус санхүүгийн байгууллага байгуулсан найман иргэнийг зарлалаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүдийн хамаарал бүхий ББСБ-ууд байгаа гэж мэдэгдэж байсан. Гэтэл АТГ-аас энэ мэдээлэл батлагдаагүй гэлээ. Ер нь ийм маягаар энэ хэрэг шийдэгдэх нь үү, хэн нэгэн хариуцлага хүлээх нь үү гэдэг улам эргэлзээтэй болоод байх шиг. Олон нийтийн зүгээс хариуцлагын асуудал дээр маш их хүлээлттэй байна?
-Бид анх хэд хэдэн үр дүнд хүрэхээр шүүхэд хандсан. Нэгт, зориулалтын бусаар зарцуулсан гээд байгаа асуудал хууль бус үйлдэл болсон уу гэдгийг тогтоох. Хоёрдугаарт, шүүхийн журмаар нотлох баримтуудыг олж аваад дүгнэлт хийх, олж авсан нотлох баримтаа нийтэд ил болгох. Гуравдугаарт эцсийн дүндээ хохирлыг төлүүлэх. Ингээд эхлээд ЖДҮ-гийн хэрэг ямар хууль тогтоомж зөрчсөн юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Үүнийг хариуцлагатай холбож иргэд яриад байгаа. Ихэнхдээ шоронд хорь, эрүүгийн хариуцлага хүлээлгэ гэж байгаа. Өнөөдөр ЖДҮ-тэй холбогдолтой асуудал өрнөснөөс хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Хэн нэгэн одоо болтол ял аваагүй байгаа. Ингэхээр ер нь энэ гэмт хэрэг мөн үү. Ял авах юм уу. Эсвэл түүнийг шалгаж байгаа хууль хяналтын байгууллага буруутай юм уу. Ял өгөхгүй байгаа шүүх нь буруутай юу. Ийм зүйлийг гэмт хэрэгт тооцдог, үүнийг тооцдоггүй гэсэн хуульдаа асуудал байна уу. Зориуд тэр хуульд ирээдүйд үүсч болох эрсдэлээ мэдээд өөрчлөлт оруулаад субьективээр хандсан гишүүдэд буруу байна уу. Энэ мэт маш олон асуудал үүсч байгаа юм. Дээр би хэлсэн. ЖДҮ бол хуулийн хулгай юм гэж. 2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Батлахгүй дарсаар байгаад хоёр жилийн дараа баталсан байдаг. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулж батлахдаа 22.2 гэдэг заалтыг алга болгочихсон. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл заалтад албан тушаалтан өөрийн эрх мэдлээ хэтрүүлж, албан тушаалын давуу байдлаа ашигласан, бусдад давуу тал олгох шийдвэр гаргасан бол энэ гэмт хэрэг гэсэн заалт байсан. Харин 22.2-т нь өөрөө шийдвэр гаргахгүй ч албан нөлөөлөл ашиглаад яам руу утасдаад, сан руу бичиг хүргүүлээд “Энэ хүнд зээл өг” гэж шийдүүлж хэн нэгэнд давуу байдал олгосон бол хариуцлага тооцох заалт байсан. Гэтэл энэ заалтыг хүчингүй болгочихсон. Түүнийхээ дараа гишүүд “Би зүгээр дэмж гэсэн бичиг явуулсан. Өөр оролцоо байхгүй” гэж зарлаад байгаа нь ийм учиртай. Энэ зүйл заалт алга болсноор өнөөдөр хэнд ч хариуцлага хүлээлгэж чадахгүй байгаа юм.
-ЖДҮ-д холбогдсон ихэнх төрийн өндөр албан тушаалтнууд бичиг хүргүүлж, дэмжлэг хүсч нөлөөлсөн байдаг. Гэтэл АТГ-аас энэ үйлдэл гэмт хэрэгт нотлогдохгүй байна гээд эхнээс нь хэрэгсэхгүй болгож байгаа?
-Учир нь одоогийн 22.1 гэдэг заалтаар энэ бол гэмт хэрэг биш. Яг тэгж ярьж байгаа гишүүд өөрсдөө Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг батлахдаа хүчингүй болгосон 22.2-оор л гэмт хэрэг болох байсан байхгүй юу. Өнөөдөр иргэдийн шаардаад байгаа эрүүгийн хариуцлага хүлээлгээч гээд байгаа заалт байхгүй. АТГ-ынхан 22.1 рүү оруулах гээд үйлээ үзэж байна. Прокурор ч үүн дээр толгойгоо гашилгаж байгаа байх. Шүүх шийдэж чадах болов уу. Эрүүгийн хуулийн маш том зарчим байгаа. Гэмт хэргийг зөвхөн энэ хуулиар л тодорхойлно. Энэ хууль дээр тодорхойлсон үйлдэл нотлогдоогүй бол бусад ямар ч үйл ажиллагаа гэмт хэрэгт тооцохгүй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хариуцлага хүлээлгэж чадахгүй байгаагийн цаад учир энд л байгаа юм. Ингэхээр хуульч хүний хувьд үүн дээр хэлэхэд Эрүүгийн хуулиар хэн ч хариуцлага хүлээхгүй. Магадгүй хөөрхий төрийн нарийн бичгийн дарга, сангийн захирал гэх мэт хүмүүст ял өгч магадгүй. Харин нэр холбогдоод байгаа, нөлөөллөө бодитоор ашигласан албан тушаалтнууд хариуцлага хүлээх эрх зүйн орчин байхгүй.
-Магадгүй түүний тод жишээ бол ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг нарын хэрэг өнөөдөр /өчигдөр/ дөнгөж шүүхийн анхан шатны хэлэлцүүлэгт орж байна. Нөгөө нөлөөлсөн төрийн өндөр албан тушаалтнууд сураг алга?
-Шүүх хурал нь болох гэж байтал хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихвал яах вэ. Хөөн хэлэлцэх хугацааг бас л УИХ-ын гишүүд өөрчилсөн шүү дээ.
-Зарим гишүүд бүр өөрийн хамаарал бүхий компаниудаар зээл авсан баримтууд ил байгаа. Тэд хариуцлага хүлээх үү?
-Энэ үйлдэл Эрүүгийн хууль зөрчөөгүй болж таараад байна шүү дээ. Харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг солнирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гэж байгаа. Энэ хуулийн 22.2, 22.3-д УИХ, Засгийн газрын гишүүн төрөөс зээл авахыг хориглоно. Бас УИХ-ын ёс зүйн дүрмийн 3.1, 3.2-т УИХ-ын гишүүн өөрт байгаа мэдээллээ ашиглаж ашиг олохыг хориглоно, зээл авахыг хориглоно, төрөөс үйлчилгээ авахыг хориглоно гэсэн. Гэхдээ бас ямар ч хариуцлага байхгүй. Ажлаас л чөлөөлнө гэж байгаа. УИХ-ын гишүүд ямар хариуцлага хүлээх вэ.
-Тэгвэл энэ хэрэг ингээд бусад том хэргүүдийн адил намжих уу. Эрүүгийн хариуцлага биш байлаа ч өөр ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх ёстой биш үү?
-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22.2, 22.3 зөрччихлөө. Анхан шатны шүүхэд бид нэхэмжлэл гаргахдаа энэ заалтыг зөрчөөд албаны эрх мэдлээ ашиглаад төрөөс зээл авчихсан байна. Энэ хууль бус гэдгийг тогтоолгоё гэдэг шаардлага тавьсан. Хоёрдугаарт, ингээд ашиг сонирхлын зөрчилтэйгөөр төрөөс зээл авчихлаа. Үүнийг хууль бусыг тогтоочихвол зээлийн гэрээг хууль бус гээд хүчингүй болгочихно. Ингэхээр сан өөрөө хугацаанаас өмнө мөнгөө олж авах бололцоотой болно. Олон нийтэд хэд хэдэн албан тушаалтан “Би зээлээ төлчихсөн” гээд мэдэгдэл хийгээд байгаа. Уучлаарай, дөрөвхөн компани төлсөн. Бусад нь төлөөгүй байна. Гэхдээ үүнийг шийдэх арга зам бий. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд хууль бус шийдвэрийн улмаас иргэд аж ахуйн нэгжийг хохироовол иргэн аж ахуйн нэгж шүүхэд хандаад хохирлоо төрөөс гаргуулж авах эрхтэй. Ер нь манайд төрийн албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас иргэд аж ахуйн нэгжид жилд 7.2 тэрбум төгрөгийн хохирол учруулдаг. 2014-2018 оны стаститикийг харахаар 36 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Энэ хохирлыг төр өгчихсөн. Гэтэл төр хохирлоо барагдуулсан нэг ч тохиолдол байдаггүй. 36 тэрбум төгрөг бол 36 цэцэрлэг. Цэцэрлэг барих мөнгө байхгүй байгаа шүү дээ. Уг нь энэ ажлыг Үндэсний аудитын газар хийх хууль эрх зүйн орчин байдаг. Гэтэл үүний араас нэг ч явсан тохиолдол байдаггүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйл буюу санхүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин байна. Бид Үндэсний аудитын газрыг шүүхэд өгөөд хоёр жил болж байна. Хууль байна хуулийнхаа араас буруутай этгээдээс төлүүлээч гэхээр харамсалтай нь ҮАГ-аас үүний араас явах хууль эрх зүйн орчин боловсронгуй биш байна гээд хууль биелүүлэх үүргээс өөрсдийгөө чөлөөлчихсөн. Анхан шатны шүүх дээр бид ялсан. ҮАГ хариуцах юм байна гэдэг шийдвэр гарчихсан. Гэтэл тэд зөвшөөрөхгүй давж заалдаад явж байгаа. Төрийн хохирлын араас хөөцөлдөх ёстой байгууллага нь өөрөө одоо болтол хөөцөлдөх ёсгүй гэж үзэж байна. Гэтэл энгийн аж ахуйн нэгж нэг иргэнийг хохироочихвол хохирлыг төлөөд хохирхлоо ажилтнаасаа яаж олж авдаг билээ. Ийм мянган жишээ хэлж болно. Гэтэл хуулиараа эрх мэдэл нь олгогдсон төрийн байгууллага явахгүй байна.
-Тэгвэл зөвхөн эрүүгийн хариуцлагаас гадна санхүүгийн хариуцлага илүү тохиромжтой гэж хэлэх гээд байна уу?
-Олон улсад ямар ч судалгаагаар хамгийн үр ашигтай, урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлж чаддаг, хамгийн хүндээр тусдаг хариуцлагын нэг төрөл бол эрүүгийн хариуцлага биш эд хөрөнгийн хариуцлага гэж үздэг. Хүүхдийнх нь сургалтын төлбөр, хоол ундных нь мөнгө рүү, өөрийнх нь халаас руу ордог хариуцлагын төрөл учраас хамгийн үр дүнтэй гэж тооцдог. Манайд бол энэ хариуцлагыг биелүүлэх эрх зүйн орчин байна. Харамсалтай нь биелүүлэхгүй байна.
Ямартаа ч өнгөрсөн хугацаанд ЖДҮ хэмээх ийм дур зоргын, хууль зөрчсөн шийдвэр үйл ажиллагаа явуулж байж. Үүнээс үүдэлтэй хамгийн чухал шийдэх асуудал бол учирсан хохирлыг төлүүлэх. Иргэд аж ахуйн нэгжид учирсан бодит хохирол, хоёрт төсөвт учирсан хохирлыг төлүүлэх ёстой. Цаашдаа ийм үзэгдэл, хулгай гаргахгүй байх үүднээс хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ёстой. Сангийн тухай хуулиа батал. Нөгөө 22.2 дахь заалтыг Эрүүгийн хуульдаа сэргээх ёстой. Эцсийн дүндээ хэн нэгэн шоронд явах бол хариуцлага мөн үү, биш үү. Өчнөөн албан тушаалтан авлига хээл хахуулийн хэрэгт холбогдоод ялаа эдлээд гараад ирснийг бид мэднэ. Гараад ирсний дараа өндөр дээд албан тушаалд томилогдож л байдаг. Хэдэн тэрбумын үнэтэй байранд амьдарч байгаа. Хорих ял нь хариуцлага болохгүй байна.