Элон Маск шинэ автомашинаа танилцуулсны дараа хөрөнгө нь 750 сая ам.доллараар буурчээ
"Tesla" компани өнгөрсөн баасан гаригт анхны бүрэн цахилгаан хөдөлгүүртэй жийп автомашин болох "Cybertruck"-аа олон нийтэд танилцуулсан билээ. Харамсалтай нь тус компанийн үүсгэн байгуулагч Элон Маск машины цонхны бөх бат байдлыг шалгах үеэр том алдаа гаргасан юм. Тэрбээр "Tesla" компанийн нэгэн ажилтнаар "Cybertruck"-ын цонх руу төмөр бөмбөг шидүүлж турших үед хагарсан юм. Үүнээс болоод "Tesla"-ын нэр хүнд унаж хувьцааны ханшинд нөлөөлжээ.
Өчигдөр Нью-Йоркын хөрөнгийн бирж хаагдах үед "Tesla"-ын хувьцааны үнэ 6 хувиар буурч, Элон Маскын цэвэр хөрөнгийн нийт хэмжээ 768 сая доллараар бууран 23.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс болоод өдгөө 48 настай Элон Маск дэлхийн 41 дэх баянаас 42-руу буусан аж.
Ямартай ч, 2021 оны сүүлээс эхлэн худалдаалагдаж эхлэх уг машины эхлэх үнэ 39 мянган ам.доллараас эхэлж байгаа юм. Харин урьдчилсан захиалга нь энэ оны арваннэгдүгээр сарын 22-оос эхэлсэн байна. Энэ машиныг олон нийт худалдан авах уу аль эсвэл хүний нүд хужирлах үзмэр болох уу гэдэг нь олон улсын шинжээчдийн анхаарлыг татаж эхэлжээ.