Би 1999 онд эгчтэйгээ 8 нэрийн дэлгүүр ажиллуулж, таксинд явж халтуур хийдэг байлаа
Би 1999 онд эгчтэйгээ 8 нэрийн дэлгүүр ажиллуулж, таксинд явж халтуур хийдэг байлаа. Дараа нь банкинд олон зуун сая төгрөгний ашиг хийж өгдөг дилер болсон боловч цалин минь 80 мянган төгрөг л байв. Ингэлээ гээд банкнаасаа бонус авч үзээгүй билээ. Гэхдээ үргэлж сэтгэлээрээ баян, өмнөө зорилго тавьж өнөөдрийг хүрчээ.
2004 оноос банкаа төлөөлж 7 хоног бүр олон улсын дилер Ганзориг гэж дуудуулан ТВ-ээр дэлхийн санхүүгийн захыг одоогийн УИХ-н гишүүн Оюунчимэгийн хамт тоймлон хүргэдэг байлаа. Хорооллын дэлгүүрээс авсан 4 мянган төгрөгний зангиа, 8 мянган төгрөгний срочик, 60 мянган төгрөгний костюмаараа гангарчихдаг л байсан юм даа.
Эрэгтэй хүн машин сонирхдог ба сонирхдоггүй гэж хоёр хуваагддаг юм билээ. Би бол сонирхдог нь.
Эрт дээр үеэс Порше машин авах юмсан хэмээн өнөөдрийг хүрчээ. Миний найзууд ч бараг залхсан байх, бараг л аваад уначихсан юм шиг ярьсаар нэг мэдсэн өнөөөдөр болжээ.
2018 онд би Голомт банкны гүйцэтгэх захирал байхдаа нэгэн шийдвэр гаргасан юм. Тэр нь би Голомт банк залуусын мөрөөдлийг биелүүлэх газар байгаасай. Энэ банк залуусын мөрөөдлийн жигүүр нь болоосой гэж бодоод шинэ жилийнхээ баяраар шилдэг ажилтандаа өөрийнхөө мөрөөдөөд авч чадаагүй Порше машиныг авч өгөхөөр шийдэж билээ.
Энэ зураг бол 2018 оны 12 сарын нэгэн өдөр Голомт банкны шинэ жилээр - өөрийнхөө мөрөөдөөд авч амжаагүй, ажилтандаа бэлэглэх гэж буй машиндаа гараа хүргэж буй байдал. Нэг талын адис авсан маягтай юм болов уу. Нөгөө бодлын аз билэгдэж адис хүртээсэн юм болов уу даа.
Монголын компаниуд залуусын хүслийг нухчин дардаг, үгүйсгэдэг, залуусын хиргүй сайхан мөрөөдлийг эвддэг газар биш харин тэдгээр залуусыг улам оргилуулах мөрөөдлийн жигүүр нь байгаасай.
Гүйцэтгэх захирлууд минь өөрийнхөө мөрөөдөөд хүрч чадаагүй оргилдоо залуучуудаа хүргээрэй. Удахгүй шинэ жил ч боллоо бэлгээ базаацгаана биз ээ.
Ө.Ганзориг