Хувийн хэвшилд халтай таван жилд өрийн дарамт нэмэгдлээ
Монголын эдийн засаг, бизнесийн орчинд сүүлийн таван жилд гарсан өөрчлөлтийг бид онцоллоо. Тав гэж тодотгохын учир нь манай сонин уншигчдын хүртээл болоод таван нас хүрч байна. Энэ хугацаанд улс орны аж амьдрал, нийгэм эдийн засгийн хөгжилд онцгой тус нэмэр болох, болохгүй өчнөөн шийдвэр гарч, өсөлт уналт үүнтэй хамт зэрэгцэн тохиож байсан түүхийг бичилцлээ. Хамгийн том онцлох чухал үйл явдал гэвэл хоёр жил гаруй зогссон “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжүүлтийн төлөвлөгөөнд 2015 оны тавдугаар сарын 18-нд Дубай хотноо талууд гарын үсэг зурж, баталгаажуулсан явдал. Ингэснээр гүний уурхайн төслийг дахин эхлүүлсэн билээ. Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газрын урт удаан хугацааны турш үргэлжлүүлсэн хэлэлцээрийн үр дүн өнөөдөр эдийн засагт гарч байна. “Оюутолгой” төсөл өнөөдөр 14 мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа бөгөөд үүний 54 хувь нь гүний уурхайд ажиллаж буй. Манай улсын эдийн засгийн итгэл найдвар нь уг төсөл хэдийн болжээ.
Монголыг сонирхох хөрөнгө оруулагчдад төслийн хоёр дахь шат эхэлсэн нь эерэг мэдээ байв. Төслийн хувь заяаг нэн эргэлзээтэй болгох шийдвэр УИХ-аас гарсан өдөр ийн бичиж буй нь хачирхалтай тохиолдол аж. “Оюутолгой” төслөөс гадна “Тавантолгой” төсөл хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байж ирсэн. Гэвч энэхүү төсөл багагүй саад бэрхшээлийг туулж, ирэх онд олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа бүртгүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Уг төслийг хэрэгжүүлэх “Эрдэнэс Тавантолгой” компани өрийн хавхнаас гарч, 2018 оноос ашигтай ажиллах болсноор иргэдэд эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцаанд ногдол ашиг тараах хэмжээнд тус компанийн санхүүгийн үзүүлэлт сайжирсан. Өдгөө сонгуулийн өмнө Хонгконгийн хөрөнгийн биржээр хувьцаагаа арилжаалж, тэрбум гаруй ам.доллар босгохоор төлөвлөж байгаа. Монгол Улсын хөгжилд үлэмж нөлөө үзүүлэх учиртай мега төслүүд бага багаар урагшилж байна. “Тавантолгой” төслийн хэлэлцээр ихээхэн маргаан дагуулж байгаа талаар манай сонин 2015 оны хоёрдугаар сарын 3-ны дугаартаа хөндөж байв.
Эдийн засагт гарсан сайн зүйл гэвэл гадаад валютын албан нөөц нэмэгдэж, 3.8 тэрбум ам.долларт хүрсэн үе. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, алтны салбарынханд татварын хөнгөлөлт үзүүлснээр төв банкинд тушаах алтны хэмжээ эрс нэмэгдэж, түүхэн дээд түвшинд хүрсэн билээ. Тодруулбал, 2018 онд алт тушаалт оргил цэгтээ хүрч, 22 тоннд очсон. Энэ нь дотоодын валютын нөөцийг өргөж, төгрөгтэй харьцах ам.долларын ханшийн өсөлт тогтворжих хөрс бүрдсэн. Гэвч саарал жагсаалт, Засгийн газар уул уурхайн компаниудын үйл ажиллагааг хоморголон хаах болсноор төгрөгтэй харьцах ам.долларын ханш чангарсан хэвээр байна. Энэ болгон хөрөнгө оруулагч үргэх, Монголоос зайгаа барихад хүргэв. Эргэн сануулахад, хямралд нэрвэгдээд байсан эдийн засаг эргэн сэргэж, энэ оны гуравдугаар улиралд 6.3 хувиар өсөв.
Энэхүү өсөлтийг бий болгоход худалдаа, үйлчилгээ, уул уурхайн салбар голлох нөлөө үзүүллээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хувийн хэвшил бий болгож байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд зэс, нүүрс тэргүүтэй уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ сэргэж, өсөлттэй, тогтвортой байснаар төсвийн орлого давж эхэлсэн. Үүнээс гадна ОУВС-гийн тусгай хөтөлбөр хэрэгжих болсноор төсөв, мөнгөний бодлого хумигдсан. ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т Монгол Улс дахин орж, 430 сая ам.долларын зээл авахаар болсон. Гэвч уг хөтөлбөрт зогсонги байдалд ороод байна. Хэдий тийм боловч эдийн засагт тулгарч буй сорилт цөөнгүй. Тухайлбал, 2021 оноос олон улсын зах зээлээс босгосон өндөр дүнтэй бондуудын өр төлбөрөө барагдуулж эхэлнэ. Гэгээтэй мэдээ бас байна. Монголын хөрөнгийн зах зээлд сүүлийн таван жил ихээхэн ээлтэй байлаа. Энэ хугацаанд арилжааны хэмжээ 6.3 дахин өсөж, шинээр арав гаруй компани хөрөнгийн биржид бүртгэлтэй болж, олон нийтийн засаглалтай боллоо. Мөн татварын хоёр шатны шинэчлэлд эрх баригчид цэг хатгаж, бизнесийн орчинд хал ихтэй татварын бодлого үйлчилж байна. Инфляц тогтворжиж, валютын ханш огцом хэлбэлзсэн, төсвийн алдагдал эрс тэлсэн, төр хувийн хэвшил рүү халдан довтлох нь улам нэмэгдсэн он жилүүд бидний ард үлджээ.