Зөвхөн ченжүүд ашиг олдог гэж малчид гомдоллоо
Мах, малаа борлуулах гадаад зах зээлээ нээж, махны үнийг чөлөөлөхийг шаардан малчид хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ өвөл улсын хэмжээнд 67.6 сая толгой мал өвөлжинө гэж ХХААХҮЯ мэдэгдсэн. Гэтэл нийт нутгийн 50 орчим хувьд бэлчээрийн даац хэтэрсэн аж. Тухайлбал, Өвөрхангай, Дундговь, Архангай, Говь-Алтай, Ховд аймгийн бэлчээрийн даац өвөл, хаврын улиралд 3-5 дахин хэтэрдэг. Архангай аймгийн Эрдэнэ-мандал сумын мянгат малчин П.Тамир “Малчид бид цаг агаар улам хүндрэхээс өмнө мал, махаа гадагш борлуулж, бэлчээрийн даацдаа тохирсон сайн чанарын цөөн тооны эх малтайгаа үлдэх хүсэлтэй байна. Өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа үед гадаад зах зээлээ нээхгүй, махны үнээ чөлөөлөхгүй байгаа нь буруу. Бэлчээрийн даац хэтэрсэн энэ хэвээрээ өвөлжвөл хавар хамар хатгах өвсгүйгээс өлдөж хорогдсон малын тоо улам өснө” гэв.
Харин Төв аймгийн Эрдэнэсант сумын дөрөвдүгээр багийн малчин Д.Гомбо-Очир “Малын тоо толгой жилээс жилд өснө. Харин бэлчээрийн хэмжээ нэмэгдэхгүй. Тиймээс бид амьд мал болон махаа аль болох худалдах сонирхолтой. Гэтэл мал, махны экспортод квот тогтоосон нь жамаараа явж байсан худалдааг хязгаарлачихлаа. Өвөлжилт хүндэрсэн нөхцөлд мал үхэж үрэгдээд дуусна. Өөрийн өмчөө худалдан борлуулах эрхийг маань хязгаарласны улмаас малчдад учирсан хохирлыг хэн хариуцах вэ. Төр малчдын өмчийг өөрийн мэт үзэж худалдан борлуулахыг хориглож байгаад бид гомдолтой байна. Малчдаас авсан махны үнийг зөвхөн ченжүүд өсгөдөг бөгөөд олсон ашгаа мөн өөрсдөө авдаг” хэмээн ярилаа.
Нийслэлд махны үнэ өндөр. Худалдааны төвүүдэд килограмм нь 10 мянган төгрөг давдаг үхрийн махаа малчид ченжүүдэд хамгийн өндрөөр бодоход 4000-5000 төгрөгт л өгч чаддаг гэв. Гэтэл Засгийн газар махны үнийг барихтай холбоотой шийдвэр гаргаснаар малын арьс, шир, дайвар бүтээгдэхүүн хүртэл үнэгүйдэх болжээ. Тухайлбал, үхрийн арьс 4000, адууны арьс дэл, сүүлтэйгээ 7-10 мянган төгрөг л хүрдэг. Бүр хонины арьс үнэгүйдсэн учир шатааж устгаж байгаа аж. Тэгэхээр цаашид ядаж малынхаа махыг боловсруулж, 8000-9000 төгрөгийн үнэтэйгээр экспортод гаргахаар зах зээлийг чөлөөлвөл малчдын орлого эрс нэмэгдэнэ гэж малчид үзэж байна.