“Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны “Хоёрдугаар симфони” алтан пянзыг Төрийн түүхийн музейд хадгалууллаа
“Монгол бахархлын өдөр”, Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ойн хүрээнд “Чингис хаан” одонт, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав агсны “Хоёрдугаар симфони” алтан пянзны тусгай загварыг Төрийн түүхийн музейд залах ёслол өнөөдөр боллоо.
Б.Шарав агсны “Хоёрдугаар симфони” бүтээл олон улсын тайзнаа эгшиглэсний 30 жилийн ой тохиож буйтай холбогдуулан 300 ширхэг хос алтан пянзыг Английн The Vinyl Factory үйлдвэрт хэвлүүлж, энэ оны тавдугаар сарын 22-ны өдөр нээлтийг нь хийсэн байна. Хос алтан пянзны тусгай загвар болох алтан бүрмэл 9 пянзны “03/09” дугаартай пянзыг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулсныг Төрийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалуулахаар болсон билээ.
Хөгжмийн зохиолч Б.Шарав агсны “Хоёрдугаар симфони” алтан пянзанд “Монгол орон бадартугай”, “Зуурдын орон”, “Трио”, “Эхийн сэтгэл шиг” зэрэг шилмэл бүтээлүүд багтжээ.