Хонконгийн ардчиллыг дэмжигч сөрөг хүчний хөдөлгөөнийхөн дүүргүүдийн удирдах зөвлөлийг сонгох орон нутгийн сонгуульд итгэмээргүй амжилт үзүүлсэн болохыг BBC агентлаг мэдээллээ.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлсэн тоо баримтаас харахад тэд 18 дүүргийн 17-д нь ялалт байгуулж чадсан байна.
Эрх баригчид өмнө нь үймээн самууны улмаас санал хураалтыг хойшилно гэж айж байсан ч сонгууль тайван замаар зохион байгуулагджээ.
Нэмж дурдахад энэ сонгууль Хонконгийн түүхэн дэх хамгийн өндөр ирцтэй сонгууль болсон бөгөөд 3 сая орчим хүн санал өгсөн нь нийт сонгогчдын талаас илүү хувь юм.
Түүнчлэн тус сонгуулиар Бээжингийн чухал нэр дэвшигчид зөвлөлийн суудлаа алдсаныг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл ардчиллын төлөөх тэмцэгчид нийт 241 суудлаас 201-ийг нь авч чадсан нь Хятадад томоохон цохилтыг өгсөн юм.
Хонконгийн ардчиллыг дэмжигч сөрөг хүчнийхэн сүүлийн 6 сарын турш засгийн газрынхаа эсрэг тэмцэж, хүчтэй эсэргүүцлийг өдөөсөн нь нутгийн иргэдийг тус сонгуульд ихээхэн ач холбогдол өгөхөд нөлөөлжээ.
Ийнхүү нэг талаараа Хонконгийн залуус төрийн эргэлт хийж, Бээжинг дэмждэг эрх баригчдыг түлхэн унагаж чадсанаар Хонконгийн цаашдын бодлогод томоохон өөрчлөлт гарч мэдэх юм. Гэхдээ дүүргийн удирдах зөвлөл нь дүүргийн төсвийг батлах, ногоон байгууламжийг хөгжүүлэх, авто зам, дэд бүтцийн асуудлуудын шийдвэрт оролцох хязгаарлагдмал эрхтэй байдаг.
Энэ талаар суудлаа алдсан, хуульч Юнус Хо "Тэнгэр, газар хоёрын байрыг солив" гэж хэлсэн байна.
Мөн ардчиллыг дэмжигч сөрөг хүчин сонгуульд ялалт байгуулсан учраас засгийн газраас эсэргүүцэгчдийн шаардлагыг илүү нухацтайгаар хүлээж авах магадлалтай юм.
Хэдийгээр ардчиллыг дэмжигчдийн тэргүүлэгч Жошуа Вонгийг сонгуульд оролцохыг хориглосон боловч түүнийг орлосон ардчиллыг дэмжигч, нэр дэвшигч ялалт байгуулж чадсан юм.
Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа "Энэхүү түүхэн үр дүн нь олон нийтийн санаа бодол ардчиллыг дэмжигч хөдөлгөөнийхний талд байсныг харуулж байна" гэж бичжээ.