Аравдугаар сараас хойш Иракийн эсэргүүцлийн жагсаалын үеэр ард иргэд цагдаа нартай мөргөлдсөний улмаас 110 гаруй хүн амиа алдсан болохыг Иракийн Эрүүл мэндийн сайд Джафар Аллавид мэдэгдсэнийг ТАСС агентлаг мэдээллээ.
Түүний хэлснээр засгийн газрын эсрэг жагсаалын үеэр эсэргүүцэгчид болон хууль сахиулагчдаас авахуулаад нийт 111 хүн амь үрэгдсэн байна.
Мөн тэрбээр жагсагчдыг тараахын тулд цагдаа нарын ашигласан нулимс асгаруулагч хийд хортой зүйл байхгүй гэдгийг зарлаж, зохион байгуулах комиссын хийсэн шалгалтын үр дүнг танилцуулав.
Гэвч анхаарал татаж байгаа нэг асуудал бол, өмнө нь Иракийн парламентын Хүний эрхийн комиссоос тус мөргөлдөөнд энгийн иргэд болон цагдаа нар нийлээд 319 хүн үхсэн гэж мэдэгдэж байсан юм. Энэ тоо Иракийн Эрүүл мэндийн сайдын мэдэгдэлтэй зөрж буй юм.
Ирак улсад 10-р сарын эхээр хүмүүсийн амьдралын түвшин, залуучуудын ажилгүйдэл, авилгал зэргээс үүдэж эсэргүүцлийн жагсаал гарах болжээ. Улмаар энэ нь орон даяар хүчирхийлэл, үймээн самууныг өдөөж эхэлсэн юм. Харин тэмцэгчид Засгийн газрыг огцорч, сонгуулийн системийг өөрчлөхийг шаардаж байгаа аж.