Хятадын засгийн газрын тэргүүн дипломатч Японд болсон G20 сайд нарын их уулзалтад оролцох үеэрээ "АНУ бол дэлхийн хамгийн тогтворгүй улс бөгөөд эрх баригчид нь Хятадыг ямар ч үндэслэлгүйгээр доромжилдог" гэж хэлснийг Ройтерс агентлаг мэдээллээ.
Дэлхийн хамгийн том эдийн засагтай 2 гүрний харилцаа худалдааны дайн, Хонконгийн хүний эрх, ардчиллын тухай хуультай холбоотойгоор нэлээд муудсан гэхэд хилсдэхгүй. Ялангуяа Хятад улс дотоод асуудалд нь хөндлөнгөөс оролцож буй АНУ-д удаа дараа сануулга өгч, хариу арга хэмжээ авна гэдгээ илэрхийлсэн юм.
Хятадын Төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Ван И “АНУ нь хэт нэг талыг баримталж, олон талт худалдааны тогтолцоог сүйтгэж байна. Энэ нь дэлхийн эдийн засагт тогтворгүй нөлөө үзүүлж байна ”гэж хэлэв.
Мөн тэрбээр "АНУ нь дотоод хууль тогтоомжоо ашиглан Хятадын "Нэг улс, хоёр систем" тогтолцоог буруушааж, Хонконгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг сүйтгэхийг оролдож байна" хэмээн нэмж дурджээ.
АНУ энэ долоо хоногт Хятад улсыг өдөөн хатгаж, конгрессын танхим нь Хонконг дахь эсэргүүцэгчдийг дэмжиж, Хятадад хүний эрхтэй холбоотой хоёр ч хуулийн төслийг баталсан бөгөөд Ерөнхийлөгч Дональд Трамп Бээжинтэй хийсэн худалдааны хэлэлцээрийг үл харгалзан эдгээр хуульд гарын үсэг зурах төлөвтэй байгаа аж.
Энэ талаар Ван хэлэхдээ, "Хятадын хөгжил, дэвшлийг хэн ч, яаж ч зогсоож чадахгүй. Бид нар түүхэн үеэсээ л хүчирхэг байсаар ирсэн" гэжээ.