Агаарын бохирдол ихтэй Шинэ Дели хотод хүчилтөрөгч худалдаалж эхэлжээ
Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод агаарын бохирдол аюултай түвшинд хүрээд байгаа. Тэгвэл тус хотын зарим иргэд хүчилтөрөгч худалдаалдаг үйлчилгээний газруудыг ажлуулж эхлэжээ.
Агаарын бохирдол ихтэй Шинэ Дели хотод цэвэршүүлсэн хүчилтөрөгч худалдаалах бизнес ашиг орлого сайтай байгаа гэнэ. Тодруулбал, тус хотод өнгөрсөн 5-р сард нээлтээ хийсэн "Oxy Pure" гэх газар хүчилтөрөгч худалдаалдаг бөгөөд сүүлийн сарын хугацаанд тус газар үйлчлүүлэгчид тун ихтэй болоод байгааг "BBC" агентлаг дамжуулсан байна. Үйлчлүүлэгчид 500 рупи буюу 4 ам.доллараар 15 минутын турш цэвэршүүлсэн хүчилтөрөгчөөр амьсгалах боломжтой. Мөн тус 99 хувь цэвэршүүлсэн хүчилтөрөгч нь 17 төрлийн үнэртэйгээр худалдаалагддаг юм.
"Oxy Pure"-ын эзэн Ажай Жонсон ярилцлага өгөх үеэрээ Шинэ Дели хотод нэг куб метр тутам дахь тоосонцрын хэмжээ 642 буюу эрүүл мэндэд ноцтой аюул учруулах түвшинд хүрээд байгааг онцолжээ. Харин "Oxy Pure"-ын борлуулж буй хүчил төрөгч үйлчлүүлэгчдийн биен дэх агаарын бохирдлын сөрөг нөлөөг багасгаж, эрч хүч, амрах мэдрэмжийг өгдөг гэсэн байна.
Шинэ Дели хот нь дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг юм. Тус хотын агаарын бохирдол олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс 20 дахин өндөр байгаа. Агаарын бохирдлоос үүдэн Шинэ Дели хотод сүүлийн долоо хоногоос эхлэн сургуулиуд хаагдаад байгаагаас гадна барилгын ажлууд зогсож, авто машинууд дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцож байгаа аж.