Монголын нийгэм дэх шинэ цагийн "Жокер"-ууд
Яг өнөөдөр буюу 11/22/2019-нд 1 тэрбум ам.долларынн орлогоо тунхаглаж байгаа сэтгэлзүйн триллер JOKER -г үзэж дуусгалаа. Киноны зохиолч найруулагч Phillip болон гол дүрийн жүжигчин Phoenix нар адил зүйл ихтэй 50 дөхөж буй эрчүүд. Тэдний хувьд Жокер нь хамгийн оргил бүтээл нь болж байгаагаараа онцлог.
Жокер бол сэтгэцийн өвчтэй эмэгтэйн өргөмөл ганц хүү. Ээж нь түүнийг гудамжинд хаягдсан байхад олж өргөж авсан. Түүний ээжийнх нь найз залуусын нэг ээжийг нь болон түүнийг хүчирхийлж байсан баримтууд байдаг. Гэвч ээж нь Жокерийг хотын захирагчийн хүү гэж итгүүлж түүнчлэн хотын захирагчид хандан тусламж хүссэн захиа бичсээр байдаг. Эдгээр бүх зүйлс ямар нэгэн учир битүүлэг холбоотой. Ээж нь үнэн эсвэл баримтууд үнэн. Гэвч чухал бодит үнэн зүйл нь энэ хижээл насны эрэгтэйг эрүүл зөв гэр бүл өсгөөгүй, мөн тэрээр хэзээч хэнд ч хайрлагдаж байгаагүй. Тэрээр багадаа сэтгэцийн өөрчлөлттэй дээрээ хормой султай өргөмөл ээждээ зодуулж тархиндаа хүнд гэмтэл авч байснаас болсон уу эсвэл ээж нь багаас нь дандаа инээж бай гэж сэтгэлзүйн хувьд дарамталж өсгөснийх ч юмуу тэр хорвоогийн хар бараан бүхнийг үл ойлгож, огт хүлээн зөвшөөрч чадахгүй байсаар галзуурч тэсэрдэг. Мөн тэр өөрийнхөө гарал үүслийн үнэнийг олж мэдээд өргөж авч өсгөсөн ээжийгээ, хамт ажиллагсад, өөрт нь таалагддаг байсан бүсгүйгээ хүртэл алдаг.
Энэ бол цэвэр сэтгэцийн өвчин. Гэвч энэ нэг хүний сэтгэцийн өвчин нь түүний нэртэй комедиан болох мөрөөдөлтэй холбоотойгоор олонд тархаж түүнчлэн алсан хүмүүсийнх нь хэргийн шуугиан зэргээр дамжиж олон нийтэд хүрч бүхий л хотыг хамарсан үймээн бий болгодог. Гэвч эцэст нь тэрээр баригдаж хоригддог ч өөрт нь тусламж үзүүлэхээр очсон улсын ажилтныг хүртэл алдаг.
Энэ киноноос бид өнөөгийн нийгмийн тэр тусмаа монголын нийгмийн өнгө төрх байгаа байдлыг харж болно. Нэг талаасаа Жокерийн хэлснээр энэ хорвоо дэлхий хар хүйтэн сэтгэлтнүүдээр дүүрсэн байна гэдэг үнэн. Гэвч тэрээр өөрөө тэр цэвдэг сэтгэлтнүүдийнхээ гол төлөөлөл нь. Монголд энэ цаг үед аль л тэнэг мэдрэл гэсэн хүмүүс нь нийгмийн асар өндөр дэмжлэгтэй байгаа. Наад захын жишээ нь Осоржамаа цаашлаад Чингис хаан, Өүлэн эх, тоймч Гантулга. Энэ хүмүүсийг жоохон удаан 3 минутаас илүү сонсвол бараг дэмжчихмээр үнэн юм яриад байдаг. Үүнийг тус кинонд хот даяараа Жокерийг дэмжиж бослого гаргаж буй хүмүүсээр дүрсэлсэн. Энэ бол хамгийн хортой хэсэг нь. Гэвч эдгээр тэнэгүүдийг хэн ч албадан болиулж үг хэлэх эрхийг нь хорьж чадахгүй, бид тийм л эрх чөлөө нэрэн дор боогдсон сэтгэлзүйн тахалтай нийгэмд амьдарч байна. Энийг тус кинонд хамгийн сүүлд алагдаж буй улсын сэтгэлзүйчийн үхэл харуулдаг.
Энэ цаг үед хүмүүсийн ихэнх нь бусдад таалагдах гэсэн хуурамч дүрээр амьдарч байгаа учраас над мэтийн эрх чөлөөтэй сэтгэдэг эрүүл үгээ хаана ч хэлдэг тэрнээсээ болоод элдвээрээ гүтгүүлдэг хүмүүс ч бас олширсон. Тэнэгүүдийн дунд амьдрах тэнэг байхаас ч хэцүү болохоор тэр. Хүн өөрийн амьдрал эцэг эхээ сонгож төрдөггүй ч хэн байхаа сонгож болно. Хайрлагдаж хүндлэгдэж үзээгүй нийгмийн хэсэг бүлэг нь тэсэрч дэлбэрч буй эмзэг цаг үе бол энэ. Гэвч бид тэнэгүүдийн дунд амьдарч байгаагаа мэдлээ ч тэнэглэлд нь автах ёсгүй. Энэ тэнэглэл дуусах хүртэл эсвэл энэ тэнэгүүд эдгэх хүртэл чимээгүй байх ёстой эсвэл эдгээрийг эдгэтэл эрүүл үг үйлдлээр нөлөөлөх ёстой гэсэн хоёр сонголтын дунд энэ нийгмийн ухаантнууд оршиж байгаа.
Г.Дэлгэрмаа