Хотын даргаа, иргэдийнхээ төлөө зоригтой шийдвэр гаргана уу!
Эрх ашиг нь зөрчигдөж орц гарцгүй болсон оршин суугчдын орц гарцыг шийдвэрлэсэн, албаны унааг хувьдаа ашиглавал ажлаас нь халах шийдвэр гаргасан зэрэг хийж буй ажил, гаргаж буй шийдвэрүүдээрээ МУ-ын иргэн бүрийн сайшаалыг хүртэж, залуучуудад урам өгч үлгэр жишээ болж буй Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан танд иргэдийн өмнөөс талархал илэрхийлж, ажилд нь амжилт хүсье.
Хотын даргаа та шийдвэрээ гаргана уу
Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн засаг дарга таныг Маршал таун хотхоны Нийслэлээс батласан ерөнхий төлөвлөгөөний дагуу хотхоны орц гарцыг гаргах шийдвэрийг гарган, нийт 5000 гаруй оршин суугчдын эрх ашгийг хамгаална гэдэгт оршин суугчид бид итгэж байна. Маршал таун хотхоны Нийслэлээс батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу орц гарцыг шийдүүлэхээр нийт 5000 гаруй оршин суугчдын төлөөллөөс гадна Маршал комфорт ХХК, Маршал Кинг СӨХ болон хотхон дотор байрлах “Монгол Билиг Оюун” сургуулийн 1000 хүүхдийн эцэг эхчүүдийн төлөөлөл бүгд нэгдэн холбогдох бүх шатны байгууллага, албан тушаалтнуудад албан бичиг хүргүүлэх, уулзах зэрэг бүхий арга хэмжээг авч байгаа билээ.
Оршин суугчдын хүсэлтийн дагуу хотхоны орц гарцны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор энэ оны 11-р сарын 01-ийн өдөр Нийслэлийн Засаг даргын орлогч болон Нийслэлийн захирагчийн ажлын албаны төлөөлөл Маршал таун хотхоны уулзаж, бодит байдалтай танилцаж асуудлыг 11-р сарын 06-ын өдөр тодорхой шийдвэр гаргах болно гэсэн боловч, Хурд группын хувийн ашиг сонирхолыг илүүд үзэн одоог хүртэл шийд өгөлгүй сураг алдарсан.
Эрх ашиг нь зөрчигдөж хохирсоор байгаа Маршал таун хотхоны 1500 өрхийн нийт 5000 гаруй оршин суугчдын төлөөлөл, Маршал комфорт ХХК, Маршал Кинг СӨХ болон “Монгол Билиг Оюун” сургуулийн 1000 хүүхдийн эцэг эхчүүдийн төлөөллүүд нэгдэн өөрсдийн эрх ашгийг хамгаалан, орц гарцаа шийдүүлэхээр ХУРД ГРУПП-ын ТУЗ-ийн дарга, УИХ-ын гишүүн Чойжилсүрэнтэй уулзсан боловч ХУРД ГРУПП-ын удирдлагууд эрх нь зөрчигдсөн оршин суугчдын төлөөллийн тавьж буй хүсэлт, тайлбарыг хүлээн аваагүйгээс гадна хүмүүсийн өмнө тамхи татан тэднийг үл тоомсорлож, ард иргэдийг төлөөлөн УИХ-д суугаа гишүүн, томоохон группын удирдагч хүн гэхэд ихэд авиргүй, бүдүүлэг зан гаргасан юм.
УИХ-ын 31-р тойргоос сонгогдсон гишүүн, Монголын томоохон бүтээн байгуулагч компаниудын нэг, олон зуун хүнийг ажлын байраар ханган орлоготой байлгадаг Хурд группын ТУЗ-ын дарга удирдагч хүн энэхүү үйлдэлдээ дүгнэлт хийж, эрх ашиг нь зөрчигдсөөр байгаа иргэдийг ойлгон, шийдвэрээ эргэж харна гэдэгт бид бүхэн итгэлтэй байна.
Маршал таун хотхоны төлөөлөл болж буй бид бүхэн нэг хувийн хэвшлийн компаниас болж зөрчигдсөөр байгаа өөрсдийн эрх ашгаа хамгаалан, нийт 5000 гаруй оршин суугчдын тав тух, эрх ашгийг бүрэн хангахын төлөө орц гарцаа гаргах хүртэл цаашид хэвлэлийн бага хурал зарлах, суулт хөдөлгөөн өрнүүлэх зэргээр тэмцэлийн өөр хэлбэрүүдээр үргэжлүүлэн тэмцсээр байх болно.
Хотын дарга таныг эрх ашиг нь зөрчигдсөөр байгаа, эрх ашгаа хамгаалахын төлөө тэмцсээр байгаа 5000 гаруй оршин суугч, Улаанбаатар хотын иргэн бидний төлөө, тулгамдаад буй асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэн, ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллахыг хүсэж байна.
МАРШАЛ КОМФОРТ ХХК, МАРШАЛ КИНГ СӨХ БОЛОН
МОНГОЛ БИЛИГ ОЮУН СУРГУУЛИЙН 1000 ХҮҮХДИЙН
ЭЦЭГ ЭХИЙН ТӨЛӨӨЛӨЛ,
МАРШАЛ ТАУН ХОТХОНЫ 1500 ӨРХИЙН
5000 ОРШИН СУУГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ,
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.