Өсвөр насны хүүхдүүдийн 80 хувь нь хөдөлгөөний дутагдалтай
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар дэлхий дахинд амьдарч буй өсвөр насны хүүхдүүдийн 80 хувь нь хөдөлгөөний дутагдалтай гэсэн судалгаа гарчээ. Дэлхийн таван өсвөр насны хүүхэд бүрийн дөрөв нь хөдөлгөөний ямар нэгэн дутагдалтай аж. Түүнчлэн 6-10 хүртэлх насны хүүхдүүдийн 75 хувь нь биеийн тамирын ямар нэгэн дугуйланд хамрагддаггүй гэсэн судалгаа гарчээ. Судалгааг ДЭМБ-ын гишүүн 146 улсад явуулсан байна. Ийнхүү хүүхдүүдийн дунд хөдөлгөөний дутагдал нэмэгдэх болсон шалтгаан нь ухаалаг төхөөрөмж, компьютертой холбоотой гэж мэргэжилтнүүд дүгнэж буй аж.
Үүнээс үүдэн өсвөр насны хүүхдүүдийн дунд жингийн илүүдэл, чихрийн шижин, зүрхний архаг өвчин, нойр булчирхайн үрэвсэл үүсэх магадлал 50 хувиар нэмэгдэж байгаа ажээ. ДЭМБ-аас дээрх судалгааны дүнг харгалзан гишүүн орнуудын Засгийн газарт дасгал хөдөлгөөн, биеийн тамирыг сурталчлах зөвлөмж хүргүүлэхээр зэхэж байна.