Улсын хэмжээнд өрх толгойлсон 77 000 орчим эмэгтэй байна
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, өрхийн орлогыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг, сургалтыг өчигдөр зохион байгууллаа. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжих, амьдралын чанарыг дээшлүүлэх, орлогыг нь нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх зорилгоор уг хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Энэ үеэр жижиг, дунд, өрхийн үйлдвэрлэл эрхлэх боломжийн талаар болон бүсгүйчүүд хоршин ажиллах боломжтой бизнес санаануудыг танилцууллаа. Түүнчлэн дүүрэг, хорооны захиргааг түшиглэн эмэгтэйчүүдийг төрөл бүрийн мэргэжлээр чадавхжуулах, боловсролоо дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, нас, мэргэжил харгалзахгүй тохирох ажлын байрт зуучлах төв байгуулах нь зүйтэйг оролцогчид хөндлөө. Эмэгтэйчүүд чадвар, туршлагаа нотлон, барьцаа хөрөнгөгүйгээр зээл авч, бизнес эхлүүлэхэд нь туслах боломж бийг ч онцлов.
Одоогоор манай улсад өрх толгойлсон 77 000 гаруй эмэгтэй байдгаас 30 000 орчим нь нийслэлд амьдардаг аж. Тэдний 60 орчим хувь нь ажил эрхэлдэггүй гэнэ.