“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөх асуудлыг зөвшилцөв
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.11.22) хуралдаанаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөх тухай асуудлыг зөвшилцөв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулав.
Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулан олгосон МОН-П1, МОН-П2 хөнгөлөлттэй зээлтэй холбоотой төлбөрийн үлдэгдлийн хэмжээгээр тус нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөх тухай асуудлыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлжээ.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нь Монгол Улсын ачаа эргэлтийн 69.4 хувь, зорчигч эргэлтийн 21.7 хувийг дангаар гүйцэтгэж, 15.8 мянган хүнийг ажлын байраар хангадаг. Гэвч Сүхбаатараас Замын-Үүд чиглэлийн Улаанбаатар төмөр замын суурь бүтэц 25 сая тн ачаа тээвэрлэх хүчин чадалтай гэж тооцоологдсон ч 2018 оны гүйцэтгэлээр 25.8 сая тн ачаа тээвэрлээд байгаа нь өсөн нэмэгдэж буй тээврийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байдалд хүрчээ. Мөн төмөр замын үндсэн бааз суурь болсон зүтгүүр, ачааны болон зорчигчийн вагон зэрэг хөдлөх бүрэлдэхүүн, замын техникийн өнөөгийн байдал насжилт өндөр, элэгдэл ихтэй, ашиглалтын хугацаа дуусаж байгаа аж. Тухайлахад, зүтгүүрийн ашиглалтын хугацаа 25, ачааны вагоны ашиглалтын дундаж хугацаа 33 жил байдаг агаад одоогоор Улаанбаатар төмөр замын нийт 127 зүтгүүрийн 47.2 хувь, нийт 3326 ачааны вагоны 51.7 хувийнх нь ашиглалтын хугацаа хэтэрсэн байна.
Иймээс Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дээрх хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг нь тасралтгүй хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийг тус нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх замаар хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй гэж Засгийн газар үзсэнийг Барилга, хот байгуулалтын сайд илтгэлдээ дурдав.
Энэ үндсэн дээр Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулж олгосон “МОН-П1”, “МОН-П2” хөнгөлөлттэй зээлийн үлдэгдлийн хэмжээ буюу 128.8 тэрбум төгрөгөөр “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр уг төслийг боловсруулжээ.
Дараа нь энэ асуудлыг зөвшилцөхийг хэлэлцэж дэмжсэн талаарх Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь уг асуудлыг зөвшилцөхийг дэмжиж гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.