АНУ-ын сансар судлалын "НАСА" агентлаг цахилгаан нисэх онгоцыг анх удаагаа танилцуулаад байна. X-57 гэх энэ онгоц дөрвөн хүний суудалтай юм.
"НАСА" анхны цахилгаан нисэх онгоцоо өнгөрсөн баасан гарагт Калифорни мужид болсон арга хэмжээний үеэр танилцуулжээ. Тус агентлаг түлш хэрэглэдэггүй жижиг оврын цахилгаан онгоцыг бүтээх төсөл дээр 2015 оноос хойш ажиллаж байгаа юм.
"X-57 Maxwell" гэх цахилгаан онгоц дөрвөн хүний суудалтай, далавч бүртээ долоон сэнстэй юм байна. Онгоцыг газардах болон хөөрөх үед л эдгээр сэнс ажилладаг байна. Цахилгааны онгоцны анхны туршилтын нислэгийг ирэх жилийн хоёрдугаар улиралд явуулах төлөвлөгөөтэй байгааг мэдээллээ.
Ер нь цаашид олон улсын хэмжээнд агаарын тээврээр зорчигчдын тоо эрс нэмэгдэх хандлагатай байгаа ч нисэх онгоцуудаас ялгардаг хүлэмжийн хийг хэрхэн бууруулах вэ гэдэг асуудал хөндөгдөөд байгаа юм. "НАСА" агентлаг цахилгаан нисэх онгоцыг үйлдвэрлэхэд анхаарал хандуулж байгаа нь агаарын тээвэр хүлэмжийн хийн ялгарлыг асар ихээр нэмэгдүүлж байгаатай холбоотой юм байна.
Хүлэмжийн хийн ялгарал нь дэлхийн дулааралд хамгийн ихээр нөлөө үзүүлэгч гэдгийг эрдэмтэд анхааруулсаар байгаа. "НАСА"-гаас гадна агаарын тээврийн эд анги үйлдвэрлэгч хувийн компаниуд ч гэсэн цахилгаан нисэх онгоц бүтээхийг зорьж байгаа юм.