"Олон улсын залуучуудын ногоон наадам"-ын урилгыг 16 улсын сайд нарт гардуулжээ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Парис хотноо болсон Соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцох үеэрээ Испани, Казахстан, Катар, Өмнөд Судан, Грек, Андорра, Армени зэрэг 16 улсын соёл, спортын асуудал давхар хариуцсан сайд нарт 2020 онд Монгол Улсад зохион байгуулагдах Олон улсын залуучуудын ногоон наадмын талаар танилцуулж, наадмын урилгыг гардуулав.
Олон улсын залуучуудын ногоон наадмыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2020 оны есдүгээр сарын 13-20-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд зорилго нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгыг спортоор дамжуулан залуусын өөрсдийнх нь оролцоонд тулгуурлан илүү таниулж мэдүүлэхэд оршино.
Тус наадамд оролцох тамирчид нь 18 хүртэл насныхан байх бөгөөд спортын болон паралимп, тусгай олимп, дифлимпийн төрөл хамт зохиогдох, хүйсийн тэгш оролцоог хангах зэрэг олон онцлогтой наадам юм.