Оюутолгойн гэрээг сайжруулахад чиглэсэн УИХ-ын тогтоолын төслийг 100%-ийн саналаар батлав
Ийнхүү Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүд 100%-ийн саналаар буюу чуулганд оролцсон 46 гишүүн бүгд дэмжсэнээр батлагдав.
Уг тогтоолд Оюу толгойн гэрээг сайжруулж, хуульд нийцүүлэх талаар найман зүйлийг багтаасан юм.
"ОЮУ ТОЛГОЙ ТӨСӨЛ МОНГОЛ ЗАЛУУСЫГ ДЭЛХИЙН УУЛ УУРХАЙН САЛБАРТ АЖИЛЛАХ БОЛОМЖ БҮРДҮҮЛСЭН"
Н.Амарзаяа: ОТ төсөл хэрэгжсэнээр монголын залуус олон улсад төдийгүй дэлхийд, уул уурхайн салбарт удирдаж ажиллах боломжийг бүрдүүлж чадсан. Өнөөдөр Оюутолгойн гэрээтэй холбоотой, 34 хувьтай холбоотой 2009 онд гишүүнээр ажиллаж байсан гишүүд нэлээд шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж байна. Тэр үед та бүхэн хэрхэн ажилласан юм бэ? УИХ-ын дарга та ямар байр суурьтай байсан болоод одоо ямар байр суурьтай байна вэ?Г.Занданшатар: 2008 оны арванхоёрдугаар сард УИХ 40-р тогтоолыг баталсан. Энэ тогтоол Монгол Улс 34 хувь эзэмших, бүтээгдэхүүн хуваах зарчим зэрэг олон улсын компанид зальдуулахгүй байх гол зарчмуудыг заасан. Тийм учраас би дэмжсэн. Харин 57-р тогтоолыг батлахад би дэмжээгүй тул оролцоогүй. 57-р тогтоолоор Оюу толгойн гэрээг зөвшөөрөх эрхийг Засгийн газарт өгсөн. Тиймээс бодит бус гэж үзэж би эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд УИХ-ын чуулганы хуралд оролцоогүй. Харин тэр хуралд одоогийн УИХ-ын гишүүн Ц.Давасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд нар дэмжиж оролцсон байдаг.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орсон Стратегийн ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох талаар орсон. Энэ заалтыг хатуу баримтлах хэрэгтэй. Энэ тогтоолыг гаргахаас арга байхгүй. Дубайн гэрээг засаж сайжруулах талаар нэн яаралтай хэлэлцээрийн ширээний ард суух ёстой. Гэхдээ Оюутолгойн үйл ажиллагаа үргэлжлэх ёстой гэсэн зарчим хэвээр байх ёстой.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Хөрөнгө оруулалтын зардал өссөн талаар гишүүдийн асуултад хариулав.
2010 оны ТЭЗҮ-ээр 14.5 тэрбум долларын хөрөнгө зарна гэсэн тооцоо байсан. 2015 оны ТЭЗҮ-ээр 14.5 маань 42.3 болж 27 тэрбум доллароор өссөн. Яагаад гэхээр хөрөнгө оруулалтын дизайн өөрчлөгдсөн гэсэн.
2010 онд 375 сая тонн нөөцтэй байсан бол 499 сая тонн болж 2015 онд 30% нэмэгдсэн. Гэтэл хөрөнгө оруулалт 3 дахин нэмэгдсэн. Энэ тооцоог шалгах, судлах шаардлага үүссэн гэв.
Гэрээ байгуулснаас хойш УИХ анх удаа шийдвэр гаргах гэж байна.2009 онд анх гэрээ байгуулаад, Дубайн гэрээ байгуулаад С.Баяр, Ч.Сайханбилэгийг хуулийн байгууллага шалгаад гэм бурууг тогтоож, яллах дүгнэлт хийсэн. Гэрээ Монголд хохиролтой болсныг хүн бүр хүлээн зөвшөөрч байна. АТГ-ын дүгнэлтэд ч, УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлтэд ч Дубайн гэрээ олон улсын гэрээ хэлцэл биш гэж дүгнэсэн. Монгол Улс 34 хувийг үнэгүй эзэмших ёстой байсныг Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулж, үнэтэй эзэмшсэний төлөө 1.4 тэрбум долларын өртэй болоод байна. 6.2 тэрбум долларын ашгийг Рио Тинто авсан байхад Монгол Улс 0 төгрөг авсан байна. Одоо гэрээг өөрчлөхгүй бол бид хэзээ ч ногдол ашиг авахгүй. Байгалийн давагдашгүй хүчин зүйл болсон тохиолдолд л хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр гэрээ байгуулсан ч 6 тэрбум доллароор хөрөнгө оруулалтаа нэмээд 11.1 тэрбум долларт хүргээд байна. Тогтоолын дагуу Ажлын хэсэг байгуулагдах байх. Л.Оюун-Эрдэнэ сайд ахлах байх. Энэ хүнээс бусад хүн ОТ компанийнхантай уулзахыг хориглож, Монгол Улс нэг цонхоор ажиллах ёстой.
Анх гэрээ байгуулах гэж байхад талхны зурагтай сурталчилгаа явсан. Талхны 70% монголчуудад очно гэж байсан. Одоо үүнийг дүгнэх хэрэгтэй.Монголын талын 34 хувийн өр 1.4 тэрбум доллар болжээ. Гэтэл ОТ-н хөрөнгө оруулалт 11.1 тэрбум доллар болсон байна. Бид өдөр бүхэн өр үйлдвэрлэдэг хувьцааны эзэд болсонд гайхаад байна. Анх 5.3 тэрбум долларын хөрөнгө оруулна гэж гэрээ байгуулсан хэрнээ 11.1 болсон нь ямар учиртай вэ?Хамгийн том татвар төлөгчтэйгөө татварын маргаантай болсон. 3.2 тэрбум долларын санхүүгийн зөрчил гарсан гээд байж байна. Менежментийн үйлчилгээний төлбөрийг тооцоод үзэхээр Монголын талын өгөөжид менежментийн зардал сөрөг нөлөөлж байна. 2041 он гэхэд менежментийн зардал 2 тэрбум төгрөгт хүрэхээр байна. Хөрөнгө оруулалт хэрэв нэмэгдвэл хугацаа улам цаашилна. Иймэрхүү нөхцөл үүссэн тул тодорхой хэлцэлд орж, 34 хувийг яах вэ, цаашдаа яавал ашигтай байхаа ярьж, өөрчлөлт оруулах шаардлага байна. ОТ-н хүлээсэн үүрэг биелээгүй байна. Наад зах нь жилд 130 сая доллар цахилгааны үнэд гадагш төлж байна.Б.Баттөмөр:-Авсан зээл 11.1 тэрбум долларын зээлээ бодохоор 2041 он хүртэл ногдол ашиг хүртэхгүй. -Цахилгаан станц байгуулах заалтаа дунд нь бид нэг хүчингүй болгосон. Одоо тэр заалт хүчинтэй. ОТ компани ЦС байгуулахад 1.3 тэрбум доллараар барихаар байна. Эндээс гарах нэг кВт цахилгааны үнэ дэлхийд байхгүй санал болоод байна. Сэргээгдэх эрчим хүчнийхийг 500 сая доллараар барих санал Монголын консерциумууд өгсөн. Татварын байцаагч шалгахаар бөөн зөрчил илэрдэг. Дубайн гэрээ байгуулахад татварын олон актыг хүчингүй болгосон ийм байдалтай байгаа.
Тиймээс уялдааг сайжруулж, хоёр тал хэл амаа ололцмоор байна.
Ц.Түмэнцогт: 31.4 сая тонн зэс, 1,200 тонн алт, мөнгө 2,750 тонноор батлагдсан
Оюутолгой ордын ТЭЗҮ-ийг 2010 онд баталсан. 2015 онд шинэчлэн баталсан. Ашигт малтмалын хуулийн дагуу 5 жил тутамд батлах ёстой. 31.4 сая тонн зэс, 1,200 тонн алт, мөнгө 2,750 тонноор батлагдсан.
Эрдэнэт үйлдвэрийн төсвийн орлоготой харьцуулж бид бас үздэг. Эрдэнэт үйлдвэр бол АМНАТ төлж байгаа. Зэсийн үнэ 6,000-аас доош байвал 11%, 6,000-аас дээш байвал тонн тутамд 16% төлдөг. "Оюу толгой" АМНАТ 5%-аар төлөхөөр тогтворжуулж гэрээ байгуулсан.
Анхны хөрөнгө оруулалтаа нөхөөд, ногдол ашгаа хуваарилахад үйлдвэрлэл, экспорт гурав дахин нэмэгдэнэ.
Л.Элдэв-Очир: Засгийн газар гуравдугаар зүйлд анхаараач. Монгол Улс 34 хувиа өрөндөө өгөөд авах ёстой татвар роялтигаа авдаг болбол тухай бүртээ илүү ашиг хүртээд явна. Энэ бол Ашигт малтмалын тухай хуульд байгаа зохицуулалт.ОТ-н гэрээг цуцлах асуудал огт байж болохгүй. Засгийн газраас саналаа оруулж ирээд эцсийн шийдвэрийг УИХ гаргая. Ингэж шийдэхгүй бол алсдаа улам хэрүүл болохоор байна. Шаардлагатай бол Засгийн газар УИХ-аас ажлын хэсэгтээ гишүүд оруулаад шийдмээр байна.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:Нэг цонхны бодлогыг дэмжиж байгаа. Бүтэн 6-7 сарын турш хэлцэл хийх боломжгүй байж ирсэн. Эрх бүхий салбарын сайд болон төлөөлж байгаа Засгийн газрын төлөөллөөс бусад нэг ч хүн уулзаж болохгүй гэж хязгаарлах ёстой. Д.Ганболд, Б.Бямбасайхан нар гарын үсэг зурах эрх олгосон 99-р тогтоол, 2015 оны нэгдүгээр сарын 23-нд Ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан. Засгийн газрын шийдвэр тогтоол, шийдвэрээр явж болно. Гэхдээ хөрөнгө шийдэхтэй холбоотой, их хэмжээний мөнгөн дүнтэй гэрээн дээр яамдын санал авч, Засгийн газрын хуралдаанаар албажих ёстой ч энэ процессыг орхисон. 12 хоногийн дараа шүүхийн захирамжийг бичгээр авсны дараа цаашид яахаа шийднэ.
Бид ТУЗ-д орж байгаа бүх асуудлаар Эрдэнэс Оюу толгойгоос удирдамж авч ажилладаг
“Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогт:ОТ компанийн ТУЗ-д Засгийн газрыг төлөөлж гурван гишүүн байгаа. Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ц.Сүхбаатар, миний бие Түмэнцогт нар ажиллаж байна. Бид ТУЗ-д орж байгаа бүх асуудлаар Эрдэнэс Оюу толгойгоос удирдамж авч ажилладаг. Өнгөрсөн хугацаанд хувь нийлүүлэгчдийн эрх ашиг, зардлын хэтрэлт, өгөөж дээшлүүлэх, хүүг бууруулах талаар ажиллаж эхэлсэн. Өгөөж бол татвар ногдол ашигаар авахаар байгаа. Өгөөж нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Хамгийн чухал нь Эрчим хүчийг Монголоос хангуулах. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн асуудал байгаа. Энэ үйлдвэр баригдсанаар дотроо боловсруулж, цэвэршүүлэх ажил хийгдэнэ. Бэлтгэн нийлүүлэх ажлыг Монгол компаниудаар хийлгэхэд анхаарч байгаа. Төслийн хүрээнд орж ирж байгаа 1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалтын 80 хувь нь Монголд бүртгэлтэй компаниудаас бүтээгдэхүүн үйлчилгээ авахад зарцуулагдаж байна. Төслийг урт хугацаанд өгөөжийг харсан бодлогыг "Эрдэнэс Монгол" барьж ажиллаж байна. Томоохон асуудлуудыг ЗГХЭГ-тай байнга хамтарч ажиллаж байгаа.УИХ-ын гишүүн А.Сүхбат:Усны талаар үнэн зөв мэдээлэл өгөөч. Уурхайд очиж үзэхэд говийн усыг хайр найргүй ашиглаж байна. Говийн ус нөхөн сэргээгдэхгүй, баялагтай нь адилхан үнэ цэнтэй.Оюутолгой өдөрт 5 сая долларын борлуулалт хийдэг гэсэн. Монголын ард түмэн роялти авах хэрэгтэй. Гэрээг дахин авч үзэн, ширээний ард сууж, монгол ард иргэдэд өгөөжөө өгөх хэрэгтэй.“Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогт:Говийн бүсийн усны асуудал эмзэг. 2010 оноос хойш ОТ компани усны төлбөрт 16.9 тэрбум төгрөгийн төлбөр төлсөн. Хамгийн сүүлийн үеийн, ус бага ашигладаг технологи ашиглаж байгаа. Нийт ашигласан усныхаа 90 орчим хувийг дахин ашигладаг технологи ашигладаг.
Дубайн гэрээ Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчсөн нь үнэн
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:Дубайн гэрээ Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчсөн нь үнэн.2009, 2011, оны гэрээ 2008 оны УИХ-ын 40-р тогтоол, 2009 оны 57-р тогтоол энэ болгоныг сайжруулж, Монгол Улсын хууль тогтоомжтой нийцүүлж сайжруулж, шаардлагатай бол зөвлөх үйлчилгээ авах талаар тогтоолын төсөлд оруулсан. Д.Тэрбишдагвын ахалсан Ажлын хэсгийн дүгнэлтийн 1.12-т хууль тогтоомжийг зөрчсөн учраас Дубайн гэрээг хүчингүй болго гэсэн санал байгаа. Гэхдээ Засгийн газар руу яагаад өгч байгаа гэхээр Засгийн газартай хамтарч, гэрээг сайжруулж, шинэчлэл хийх, зээлийн хүүг бууруулах, менежментийг сайжруулах зэрэг саналыг Оюу толгойгоос ЗГ-т өгсөн юм билээ. Тиймээс цуцлахаасаа илүүтэй сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа.
"Рио Тинто" компанийнхан уулзах саналыг маш олон удаа тавьсан. Би нэг ч уулзаагүй
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: "Эрдэнэс Оюу толгой" ТУЗ-ийн гурван гишүүн маш муу ажиллаж байнаАжлын хэсэгт орж ажилласнаас хойш "Рио Тинто" компанийнхан уулзах саналыг маш олон удаа тавьсан. Би нэг ч уулзаагүй. Монгол Улс нэг цонхны бодлоготой байх хэрэгтэй байна. "Эрдэнэс Оюу толгой" ТУЗ-ийн гурван гишүүн маш муу ажиллаж байна. Энэ хүмүүсийн идэвхтэй байр суурь, хүчин чармайлт ажиглагдахгүй байна. Бид 34 хувь эзэмшсэнийхээ төлөө өрөнд орж байна. Шүүх дээр юу болсон талаар Засгийн газрыг төлөөлж орсон хүн хариулт өгөх хэрэгтэй. Монголын эрх ашиг байгаа бол Засгийн газар ярих ёстой.
Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, дэмжсэн. Уг тогтоолын төслийг яг одоо УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар хэлэлцэж байна.