100 гаруй эсэргүүцэгч Хонконгийн их сургууль дотор хоргодож байна
Хонконгийн цагдаа нар их сургуулийн кампус дотор нуугдаж буй засгийн газрын эсрэг жагсагчдыг бууж өгөхийг уриалсан гэдгийг NHK мэдээллээ.
Тодруулбал, цагдаагийн газрын ахлах ажилтан лхагва гарагт сэтгүүлчидтэй уулзаж, сургуулийн байрнаас гарч ирсэн 1000 гаруй эсэргүүцэгчдийг баривчилсан болохыг мэдэгджээ. Гэхдээ цагдаа нар 18 нас хүрээгүй хүүхдүүдийг суллаж явуулсан байна.
Харин одоо нийтийн тээврийг тасалдуулж, цагдаа нартай мөргөлдөж байсан 100 орчим хүн Хонконгийн Политехникийн их сургуулийн байранд хоргодож байгаа гэнэ. Тэднийг цагдаа нарт баривчлагдахгүйн тулд ийнхүү нуугдаж байгаа гэж албаныхан таамаглаж байгаа аж.
Жагсагчид цагдаагийн бүслэлтээс гарахын тулд шөнө дөлөөр зугтахыг завдсан болохыг орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Түүнчлэн энэ сарын эхээр нэг хүний амь эрстсэн нь олон нийтийн бухимдлыг нэмэгдүүлж, хүчирхийлэл улам эрчээ авах болжээ.
Хонконгийн засгийн газар сонгуулиа товлосон хугацаандаа зохион байгуулахын тулд хүчирхийллийг нэн даруй зогсоох тал дээр ихээхэн анхаарч ажиллаж байгаа бөгөөд жагсагчдыг одоо бууж өгөхийг шаардаж байгаа юм.