Дональд Трамп Хонконгийн ардчиллын тухай хуулийг баталсан тохиолдолд Хятад улс хариу арга хэмжээ авахаа амлав
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг Хонконгийн Хүний эрх ба ардчиллын тухай хуульд гарын үсэг зурсан тохиолдолд Хятад улс хариу арга хэмжээ авна гэдгээ амласан болохыг South China Morning Post агентлаг мэдээллээ.
АНУ-ын конгресс тус хуулийн төслийг дэмжсэний дараа Хятадын Гадаад хэргийн дэд сайд Ма Жаоксу АНУ-ын элчин сайдын яамны улс төрийн асуудал эрхэлсэн сайдын зөвлөх Уильям Клейнийг дуудаж уулзсан байна.
Тэрбээр "Хятад улс энэ асуудалд эсрэг байр суурьтай байгаа бөгөөд үүнтэй холбогдож гарах үр дагаврыг АНУ бүрэн хариуцах ёстой" гэж мэдэгдэлдээ дурджээ.
Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуань “Хэрвээ АНУ-ын ерөнхийлөгч Хонконгийн тухай хуулийг баталбал Хятад улс үндэсний эрх ашиг, аюулгүй байдал, газар нутгаа хамгаалахын тулд хариу арга хэмжээ авах болно. АНУ-ын конгрессын гишүүд олон улсын хууль журам, дипломат харилцааны хэм хэмжээг ноцтой зөрчсөнд харамсаж байна" гэж хэлсэн байна.
Мөн Хятадын засгийн газраас өмнө нь удаа дараа АНУ-ыг Хонконгийн асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг сануулж байсан юм.
Харин Хонконгийн засаг захиргаа АНУ-ыг тус хуулийг хэлэлцэж, дэмжсэнд харамсаж буйгаа илэрхийлээд хэрэв шинэ хууль батлагдвал АНУ-ын эрх ашиг ямар нэг байдлаар хөндөгдөхийг анхааруулжээ.