"Bloomberg": Рио Тинто компанийн Монгол дахь төсөл дахин цохилтонд орлоо
Дархан монгол ногоон нэгдэл (ДМНН) төрийн бус байгууллагын нэхэмжлэлээр энэ сарын 18-нд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2015 онд зурагдсан “Дубайн гэрээ” /Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө/-г байгуулахтай холбоотой тухайн үеийн Засгийн газрын дөрвөн захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргасан билээ. Тэгвэл энэ талаар "Блүүмберг" агентлаг дараах мэдээллийг гаргажээ :
Дэлхийн 2 дахь том уул уурхайн компани "Рио Тинто"-ын Монгол улсад явуулж буй үйл ажиллагаа ахин нэг хүнд цохилтод ороод байна.
"Рио Тинто" нь Оюу толгойд том газрын доорх зэсийн орд газартай холбоотой төслийг хэрэгжүүлж байгаа юм. Гэхдээ энэ төсөл хуулийн асуудлууд, хөрөнгө мөнгө дахин хуваарилах, Засгийн газрын зүгээс ирэх дарамт шахалтын улмаас багагүй саатаж байгаа.
Харин өнгөрсөн мягмар гаригт Дархан монгол ногоон нэгдэл төрийн бус байгууллагын гаргасан нэхэмжлэлийн дагуу Монгол Улсын захиргааны шүүх тус улсын засгийн газартай хийсэн гэрээг хүчингүй болгох шийдвэр гаргасан байна.
Тэгвэл уг шийдвэрийн дагуу Рио Тинто дараах мэдэгдлийг гаргажээ: "Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээний аливаа зүйл заалтыг хууль бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн энэхүү шийдвэр ирэх долоо хоногт бүрэн тодорхой болно "
Экологийн тэнцвэрт байдал, эдийн засгийн бие даасан байдлыг дэмждэг тус Дархан монгол ногоон нэгдэл нь 2015 онд байгуулсан Дубайн гэрээ, түүнчлэн хэлэлцээрт оролцсон Монголын засгийн газрын албан тушаалтнуудын бүрэн эрхийн талаар маргаан дэгдээсээр байгаа.
Энэ бүхнээс яг ямар үр дагавар гарах нь тодорхойгүй байгаа ч ирэх долоо хоногт гарах гэж буй шүүхийн албан ёсны шийдвэрийн дагуу аль хэдийн хэцүү нөхцөлд байгаа уурхайн ирээдүй илүү бүрхэг болох нь ойлгомжтой юм.
“Дубайн гэрээ нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болоогүй болно. Гэсэн хэдий ч энэхүү шийдвэр нь Дубайн гэрээнд гарын үсэг зурсан хүмүүс зохих зөвшөөрөл, эрх мэдэлтэй байсан эсэх нь эргэлзээтэй болохыг харуулж байна" Улаанбаатар хот дахь "Avinex Partners" компанийн өмгөөлөгч Б.Солонгоо хэллээ.
Энэ оны эхээр Рио компани өөрийн тус улсад явуулж буй ажиллагааны төсөв нь төлөвлөснөөс 1.9 тэрбум ам.доллараас илүү байж болзошгүйгээс гадна хоёр жил хагасын хугацаанд бүх ажиллагаанд нь саатал гарах магадлалтай байгааг анхааруулсан аж. Уурхайн өргөтгөл хийх ажлын явцад тогтвортой байдлын болзошгүй эрсдэлийг тогтоосны дараа ч өөр олон бэрхшээлтэй тулгарч нийт зардал нь бараг нэг дахин нэмэгдэн 7.2 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм.
Энэ бүхний эцэст тус уурхайгаас ашиг хүртэхээр хүлээж байгаа Монгол улс бүр ч илүү удаан хүлээх хэрэгтэй болох нь тодорхой.