НҮБ-ын шинжээч Хуан Бохославски: Монголын баялгийн ашгийг бүгдийг нь хувийн салбар завшиж болохгүй
Өнгөрсөн намар, есдүгээр сарын эхээр НҮБ-ын хараат бус шинжээч Хуан Бохославски Монголд ирж арваад хоног ажиллаад буцсан талаар “Зууны мэдээ” сонин мэдээлсэн. Тэрээр Оюутолгойн талаар хоёр ч ноцтой дүгнэлтийг хийжээ. Усны талаар өгсөн дүгнэлт, зөвлөмжийг бид өмнө нь хүргэсэн. Тэгвэл энэ удаа 2009 онд Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компани хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний талаар хэрхэн дүгнэж, зөвлөснийг хүргэе.
НҮБ-ын хараат бус шинжээч Хуан Бохославски “…Оюутолгойн уурхайг хөгжүүлэх талаар 2009 онд Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто”-той байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ нь тус улсын татварын нөхцөл байдалд мэдэгдэхүйц үр дагавартай гэрээ юм. Тухайлбал, уг гэрээний татварын тогтвортой байдлын тухай заалт нь 30 жил хүчинтэй буюу энэ гэрээгээр тохирсон татварын хувь хэмжээ гурван аравны туршид мөрдөгдөхөөр заагджээ. Цаашилбал, гэнэтийн ашиг болон ер бусын ашигт татвар ногдуулах эсэх асуудлаар санал зөрөлдөөнтэй байна.
Миний хувьд, татварын тогтвортой байдлын тухай энэхүү заалтыг наад зах нь хоёр өөр өнцгөөс авч үзэж байна.
Нэгдүгээрт, энэхүү уул уурхайн төслийн гол зорилгуудын нэг нь хүртээмжтэй өсөлтийг хангах явдал гэдэг талаас нь авч үзвэл, Монгол Улсын байгалийн баялгийг ашиглан үйлдвэрлэл явуулж олсон ашгийг зуун хувь хувийн хэвшлийн мэдэлд өгнө гэдэг нь нийгмийн болон улс төрийн талаасаа зөв зүйтэй гэж үзэхэд буюу нотлоход хэцүү юм. Хоёрдугаарт, Олон улсын хууль эрх зүйн талаас нь авч үзвэл тогтвортой байдлын тухай заалтыг гэрээнд оруулж байх үед тодорхой хэмжээний ашгийг урьдчилан тооцоолоогүй байсан. Нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдөх буюу компанид гэнэт их ашиг орж ирэх мэтийн нөхцөлд Монгол Улс, хөрөнгө оруулагч хоорондоо уг ашгийн хуваарилалтын талаар хэлэлцэж болох юм.
Энэхүү санал зөрөлдөөнтэй асуудлыг шийдвэрлэх нэгэн арга зам нь гэрээг дахин авч үзэж хэлцэл хийх замаар зах зээлийн үнэд суурилсан хөвөгч роялти хэрэглэх хувилбарыг сонгох хувилбар байж болох юм. Уг системийг Монголд үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн уул уурхайн бизнес амжилттай хэрэгжүүлж байна. Хөгжил гэдэг нь зөвхөн эдийн засгийн өсөлтийн үр шимийг хуваалцах тухай бус нийгэмд учруулсан хор хохирлын хариуцлагыг ч нэгэн адил хуваалцах тухай гэдгийг мартах ёсгүй” гэжээ.
Тодруулбал, хараат бус шинжээч Хуан Бохославски “…Уул уурхайн салбарт хэрэглэж буй татварын тогтвортой байдлын тухай заалт ёсоор Монголын байгалийн баялгийг ашиглан олж авсан гэнэтийн ашгийг бүгдийг нь хувийн салбар завшихыг зөвшөөрч болохгүй. Түүхий эдийн зах зээлийн үнийн өөрчлөлтийг даган тэр хэмээр өөрчлөгдөж байдаг хөвөгч роялти системийг ашиглах асуудлыг харгалзан үзэх нь зүйтэй” хэмээн бидэнд зөвлөжээ.
Тэрээр Монголд ирж ажилласан энэхүү албан айлчлалынхаа тухай иж бүрэн тайланг 2020 оны гуравдугаар сард НҮБ-ын Хүний эрхийн комисст хүлээлгэж өгөх юм байна.
Б.Дамдин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин