Арван жилийн турш тасралтгүй тэлж байсан Хонконгийн эдийн засаг агшиж эхэлжээ
Өнгөрсөн 10 жилийн турш тасралтгүй тэлж байсан Хонконгийн эдийн засаг агшиж эхлээд байна. Хонконгийн эдийн засаг энэ жилийн 7-р сараас 9-р сарын хооронд 3.2 хувиар буурсан байна. Энэ нь өнгөрсөн 10 жилийн дотор анх удаагаа эдийн засаг уналтад орж байгаа тохиолдол юм. Хонконгийн засаг захиргаанаас 9-р сарыг хүртэлх гурван сарын туршид дотоодын нийт бүтээгдэхүүн 3 гаруй хувиар буураад байгаа талаарх мэдээллийг баасан гарагт танилцуулжээ. Азийн хамгийн хөгжингүй хотуудын нэг болох Хонконгийн эдийн засгийн өсөлт буурсан нь АНУ, БНХАУ-ын хоорондох худалдааны дайнаас гадна тус хотод өрнөөд байгаа оюутнуудын жагсаал, тэмцэлтэй холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна.
Хотын захиргаанаас гаргасан мэдээлэлд ардчиллын төлөөх оюутнууд болон цагдаа нарын хоорондох мөргөлдөөн, эмх замбараагүй байдлаас үүдэн хөрөнгө оруулалт суларч, иргэдийн худалдан авалт буураад байна гэдгийг анхааруулжээ.