Олон Улсын залуучуудын байгууллага болох JCI байгууллага нь дэлхийн 120 оронд 5000 гаруй салбар байгууллагатай бөгөөд дэлхий өнцөг булан бүрт жил бүр нийгэмд эерэг өөрчлөлтийг бүтээж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэсэн 20,000 гаруй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг байна.
JCI байгууллага нь жил бүр шилдэг төсөл, хөтөлбөрүүдээ шалгаруулдаг бөгөөд 2019 оны 11 сарын 04-нөөс 08-ны өдрүүдэд Эстони улсын нийслэл Таллин хотод зохион байгуулагдсан JCI байгууллагын чуулганаар дэлхий даяар хэрэгжиж буй 20,000 гаруй төсөл хөтөлбөрүүдээс "ШИЛДГИЙН ШИЛДЭГ ӨСӨЛТ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР”-өөр JCI Монгол байгууллагын “JCI МОНГОЛ АКАДЕМИ” шалгарсан байна.
JCI Монгол Академи нь сургагч багш нарийг бэлтгэн гишүүддээ болон сонирхогч талуудын сургалтын хэрэгцээг хангах, олон улсын шилдэг сургагч багш нарын сургалтуудыг эх орондоо зохион байгуулах, орон нутаг дахь залуучуудад чиглэсэн сургалтууд зохион байгуулах гэх мэт ажлууд хэрэгжүүлэхээс гадна дэлхийн бусад улсуудад Монгол багш нарынхаа чадварыг таниулсан сургалтууд зохион байгуулдаг юм. 2019 онд 6,032 хүнд 529 цагийн 207 сургалтын үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд Солонгос, Мавритус, Нигер, Тайланд, Латви, Эстони зэрэг улсуудад болсон үйл ажиллагаануудад хичээл заан Монгол Улсаа сурталчлан таниулсан юм.
Мөн JCI Монгол байгууллагын 2019 оны үндэсний ерөнхийлөгч Г.Мөнх-Эрдэнэ дэлхийн 120 улсын ерөнхийлөгчдөөс шилдгийн шилдэг гурван үндэсний ерөнхийлөгчийн нэгээр шалгарсан бол 2019 оны Ерөнхий нарийн бичгийн дарга, Ази, Номхон далайн бүсийн шилдэг гишүүн С.Мөнхдэлгэр нь мөн дэлхийн 200,000 гаруй гишүүдээс шилдгийн шилдэг гурван гишүүний нэгээр шалгарлаа.
JCI Монгол байгууллага 2019 онд 74 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаас “НЭГ ХОРОМ”, “LIFE MATTERS”, “WHEELCHAIR HEROS”, “MILLION FISH” төслүүд мөн номинац тус бүрдээ шилдгийн шилдэг гурван төслийн нэгээр шалгарлаа.
Тус амжилтууд нь JCI Монгол байгууллагын гишүүдийн олон жилийн хүч хөдөлмөрийн үр дүнд бий болсон бөгөөд Монгол Улсаа дэлхийд сурталчлан таниулсан нэгэн чухал үйл ядвал болсон байна.