"Cerberus Capital Management LP" Монгол Улсад хөрөнгө оруулалтаа чиглүүлжээ
АНУ-ын Нью Йорк хотод төвтэй “Cerberus Capital Management LP” компани дэлхийн хамгийн эрсдэлтэй зах зээл бүхий орнуудад хөрөнгө оруулдгаараа алдартай. Тус байгууллагаас энэ удаад Монгол улсад хөрөнгө оруулалт хийх санал тавин, яриа хэлэлцээ хийж байгаа тухай мэдээ хөвөрч байна.
Өнгөрсөн зургадугаар сард тус компани MCS группын 25 хувийг 110 сая ам.доллараар худалдаж авахаар ярилцаж буй талаарх мэдээлэл “Wall Street Journal”-д гарч байв. ”Сеrberus Capital Management LP” компани 39 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Deutsche Bank AG” , “Avon Products Inc” зэрэг томоохон компаниудын хувь эзэмшдэг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус байгууллага Сингапурын “SGI Fronier Capital”-тай гэрээ байгуулан, үйл ажиллагаагаа өргөжүүлж байв. Харин тус салбар нь Монголд хөрөнгө оруулах талаарх асуудлыг хариуцан ажиллаж байгаа гэнэ. Үүний зэрэгцээ “Cerberus Capital Management LP” компани Монголоос гадна Этиоп, Гүрж улсуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа аж. Сануулахад, Монгол Улсад 2011 онд уул уурхайг дагаад гадаадын хөрөнгө оруулалт 4.5 тэрбум ам.долларт хүрч байв. Түүнээс хойш түүхий эдийн ханшийн сулралаас болж хөрөнгө оруулалт буурсан аж.