Тайланд улс 2023 оноос хурдны галт тэрэгний үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөөд байна. Тус улсад өндөр хурдны галт тэрэгний шугамыг тавих хоёр ч төсөл хэрэгжиж байгаа юм. Тайландын хурдны галт тэрэгтэй болох төсөл олон жилийн маргааныг дагуулж, хойшлогдсоны эцэст дахин эхлээд байна.
Тус улсад өндөр хурдны галт тэрэгний шугамыг тавих анхны төслийн бүтээн байгуулалтын ажил аль хэдийн эхлээд байгаа бол өөр нэгэн ижил төрлийн төсөл саяхан батлагджээ. Тайландын Зам, Тээврийн Асуудлаарх Сенатын Хорооны зөвлөх Тханет Сорат ирэх таван жилийн дотор 250 км цагийн хурдтай галт тэрэгнүүд зорчиж эхлэн гэдэгт итгэлтэй байгааг хэлж, энэ нь Тайланд улсад томоохон өөрчлөлтийг авчирна гэжээ. Эдгээр өндөр хурдны галт тэрэгний шугамыг тавихад Хятадын технологийг ашиглах юм. Тайландад суман галт тэрэгний үйлчилгээг нэвтрүүлэх энэ төсөл нь Хятадын “Бүс ба Зам” төслийн нэг хэсэг болно гэдгийг мөн онцолсон байна.
“Бүс ба Зам” нь Азийн бусад орнуудыг Хятад улстай орчин үеийн тээврийн сүлжээгээр холбох төсөл юм. Хурдны галт тэрэгний шинэ шугамууд ашиглалтад орсноор Тайландын нийслэл Бангкок хотын хамгийн том онгоцны буудлуудын хооронд 20 минутын турш зорчих боломж нээгдэх гэнэ. Мөн жуулчид онгоцны буудлаас Тайландын жуулчлалын гол бүсүүдийн нэг болох Паттаяа-д нэг цагийн дотор явж очих боломж бүрдэх юм. Үүнээс гадна суман галт тэрэг Бангкок хот болон ойролцоох мужуудын хоорондох авто замын түгжрээг бууруулаад зогсохгүй, авто замын ослыг багасгахад чухал нөлөө үзүүлнэ гэж найдаж байна.
Харин Корат муж руу тавигдах Майден гэх хурдны галт тэрэгнийг шугам 2023 онд нээгдэх төлөвтэй байгаа юм. 5.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай энэ төслийг Хятадын төрийн компани хариуцан хэрэгжүүлж байна. Тайландын хурдны галт тэрэгний зарим шугам нь Лаос улсаар дайран Хятадын Юнань мужийн галт тэрэгний замын сүлжээнд холбогдох хэтийн зорилтыг тавьжээ.
Гэхдээ Тайландад суман галт тэрэгний сүлжээг бий болгох төсөл хэт өндөр зардалтай байгаа нь иргэдийн шүүмжлэлийг дагуулсаар байна. Хурдны галт тэргээр өдөрт 50000-80000 хүн зорчих юм бол 20 жилийн дараа хөрөнгө оруулалтын зардал нөхөгдөнө гэж үзэж байгаа юм. Гэвч Тайландын Тээврийн яамнаас суман галт тэргээр зорчигчдын тоо өдөрт 5000-25000 хооронд хэлбэлзэнэ гэсэн тооцоог гаргаад байгаа нь шаардлагатай хэмжээнээс хэт доогуур байна гэв.