УИХ 2018 онд Донорын тухай хуулийг баталсан. Донорын тухай хуульд тээгч эхийн асуудлыг тусгаж хуульчилсан ч тусгай хуулиар нарийвчлан зохицуулах шаардлагатай гэж үзсэн юм. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Оюундарь тэргүүтэй гурван гишүүн Донорын тухай хууль батлагдсаны дараа Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл өргөн барисан юм. Энэхүү хуулийн төслийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Хүн амын өсөлт тогтвортой байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд гэрлэлт, төрөлтийн нас оройтож, бэлгийн замаар дамжих халдвар, халдварт өвчний гаралт, үр хөндөлт нэмэгдэж байгаа нь үргүйдлийг нэмэгдүүлэх болжээ. Үргүйдлийн үр дагавар зөвхөн гэр бүлийн асуудлаар хязгаарлагдахгүй тухайн улс орны хүн амын өсөлт, улмаар нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлдөг. Тодруулбал, үргүйдэл нь стресс, сэтгэл гутрал зэрэг сэтгэлзүйн асуудлаас гадна гэр бүлийн хүчирхийлэл, салалт зэрэг нийгмийн сөрөг асуудал үүсгэх аюултай байдаг. Түүнчлэн гадаад оронд явж эмчлүүлэгчдийн шалтгааны тодорхой хувийг үргүйдэл эзэлж байгаа бөгөөд энэ талаар нарийн тооцоо судалгаа хийгдээгүй хэдий ч нилээдгүй мөнгөний урсгал гадагшаа чиглэж байна гэж үздэг ажээ. Гадаадад очиж үргүйдлээ эмчлүүлэхээс гадна тээгч эхээр хүүхдээ тээлгэж төрүүлэх явдал нэмэгдэж байгаа тухай мэдээлэл гардаг.
Үргүйдлийн асуудалтай, үр шилжүүлэн суулгах аргаар үр хүүхэдтэй болох хүсэлтэй иргэд БНСУ болон ОХУ-ын эмнэлэгт их ханддаг байна. Харин сүүлийн үед Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Си эйл даблью эйч”, “Өөжин мед”, “Баянгол” зэрэг эмнэлэгт үр шилжүүлэн суулгах эмчилгээ, үйлчилгээг явуулах болжээ. Жилд дунджаар нэг эмнэлэгт 300-500 хос хандаж үйлчилгээ авдаг гэсэн тойм төдий судалгаа байдаг байна. Учир нь, энэ асуудал нь хувь хүний нууцтай холбоотой учраас нарийн тодорхой тоо баримт, мэдээлэл хомс аж. Иргэдийн дунд ч үргүйдлийн талаар ойлголт бага, хаалттай эмзэг сэдэв хэвээр. Тиймээс үргүйдлийн бүртгэл мэдээллийг сайжруулах, тусламж үйлчилгээг боловсронгуй болгох, үргүйдлийн оношилгоо, эмчилгээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологийг нэвтрүүлэх нь шаардлагатай гэж үзэн хуулийн төслийг боловсруулжээ. Энэ асуудлыг шийдвэрлэснээр Монгол Улсын хүн амын өсөлтийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.
Одоогийн байдлаар үр шилжүүлэн суулгах, тээгч эхээр хүүхдээ тээлгэн төрүүлэх харилцаанд эрх зүйн орчин дутагдалтайгаас энэхүү харилцаанаас үүдсэн маргаан нэлээдгүй гарах болжээ. Тиймээс дараах хүрээ хязгаарт багтаан Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухайхуулийн зорилго, хууль тогтоомжийннэртомьёонытодорхойлолт, үйл ажиллагааны үндсэн зарчим
Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын талаарх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах удирдлагын тогтолцоо, энэ талаарх төрийн болон эрүүл мэндийн байгууллагын эрх, чиг үүрэг
Үргүйдэл, түүний тусламж үйлчилгээний ерөнхий нөхцөл, нөхөн үржихүйд туслах аргын төрөл, бэлгийн эс авах, үр хөврөл, түүнийг хадгалах, хөлдөөх, гэсгээж суулгах, устгахтай холбогдсон харилцаанд тавигдах ерөнхий шаардлага, донороос бэлгийн эс авах,үр цацах, үр шилжүүлэн суулгах аргыг ашиглах үеийн ерөнхий нөхцөл
Тээгч эхээр хүүхдийг төлөөлөн төрүүлэх харилцаанд тавигдах ерөнхий шаардлага, захиалагч эцэг, эх болон тээгч эхэд тавигдах шаардлага, тэдгээрийн хооронд байгуулах гэрээнд зайлшгүй тусгах заалт, тээгч эхээр хүүхэд төрүүлэх харилцаанд хориглох зүйл, уг харилцааны нууцлал зэрэг зохицуулалт
Хуулийн хэрэгжилтэд тавих хяналт болон хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага зэрэг зохицуулалтыг тусгажээ.
Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл батлагдсанаар дараах эерэг үр дагавар үүснэ гэж үзсэн байна.
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр үндэсний хөтөлбөр болон төрийн бодлогод үргүйдэл, түүний оношилгоо, эмчилгээний асуудал тусгагдаж, энэ чиглэлээр эрүүл мэндийн байгууллагын үүрэг хариуцлага дээшилснээр иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эмчилгээнд хамрагдах байдал сайжирна.
Үргүйдэл нь хүний эрүүл мэндэд шууд нөлөөлж амь насанд аюул учруулдаггүй ч хувь хүний нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүлийн тогтвортой байдал, хувь хүний амьдралын чанарт сөрөг нөлөө үзүүлдэг нийгмийн эрүүл мэндийн эмзэг асуудал учир энэ асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бүрдсэнээр хувь хүний сэтгэл санаа, гэр бүлийн тогтвортой байдал, улс орны хүн амын өсөлтийн байдал дээшилнэ.
Гадаад оронд явж үргүйдэл, түүний оношилгоо, эмчилгээ хийлгэх, үр шилжүүлэн суулгах харилцаа багасч, гадагш чиглэсэн мөнгөний урсгал дотооддоо үлдэх, эх орондоо энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх, санхүүгийн асуудлаа хэмнэх, гадагшаа чиглэсэн валютынурсгал хумигдах боломж бүрдэнэ. Цаашилбал экспортыг орлох үйлчилгээ болгон хөгжүүлэх боломжтой.
Үргүйдлийн орчин үеийн нөхөн үржихүйн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудал /үр тогтоох, үр шилжүүлэн суулгах, тээгч эхийн харилцааны зохицуулалт, бэлгийн эсийн донор/-ын хууль эрх зүй, бүртгэлийн нэгдсэн орчин бүрдэж, эрүүл мэндийн байгууллагын хяналтын тогтолцоо сайжирна.