Вьетнам улс Их Британид амиа алдагсдын ар гэрийнхэнд зээл олгохоор болжээ
Өнгөрсөн сард Их Британийн хилээр орж ирсэн ачааны машинаас 39 хүний цогцос олдож, дэлхийн нийтийг цочроосон. Тэгвэл тэдгээр бүх хүмүүс Вьетнам улсын иргэд байсан нь тогтоогдсон юм.
Тус хэргийн мөрдлөг, шалгалт болон цогцоснуудыг таниулах ажиллагаа 10 хоногийн өмнө дууссан ба цогцоснуудыг эх орон руу нь илгээх зөвшөөрөл Британийн шүүх дээр хүлээгдэж байгаа аж.
Гэвч хайртай, дотны хүмүүсээ алдсан хохирогчдын ар гэрийнхэнд цогцсыг шилжүүлэн авах нь санхүүгийн дарамт учруулж байгаа гэнэ. Учир нь тэд амиа алдагсдыг хууль бусаар хир давуулахын тулд банкнаас өндөр хүүтэй зээл авч, зарим нь гэр орноо хүртэл зарж 50.000 хүртэл ам.долларыг төлжээ.
Одоогийн байдлаар тэдэнд шарил тус бүрийг шилжүүлэхэд 2.800 гаруй ам.доллар, харин чандрыг нь авахын тулд 1,900 орчим ам.доллар шаардлагатай байгаа гэнэ.
Улмаар Вьетнам улсын засгийн газар хохирогчдын ар гэрийнхэнд зээл авах боломж олгосныг BBC мэдээллээ.
Ачааны машины бүхээгт байсан 15-41 насны залуус амьдралаа сайжруулах зорилготойгоор Их Британи руу явж байхдаа бүгд харамсалтайгаар амиа алдсан юм.