Хонконгийн политехникийн их сургууль тэмцлийн талбар болжээ
Хонконгийн оюутнууд болон хамгаалалтын хүчнийхний хоорондох мөргөлдөөн үргэлжилсээр байна. Тус хотын Политехникийн их сургууль оюутнууд болон цагдаа нарын хоорондох мөргөлдөөний гол талбар болоод байгаа юм.
Хонконгийн цагдаа нар Политехникийн их сургууль уруу даваа гарагийн өглөө дайран орсон байна. Харин энэ сургууль дотор болон эргэн тойронд байсан оюутнуудын эсэргүүцэлтэй тулгарч, цагдаагийнхан удалгүй ухрахад хүрчээ. Хонконгийн Политехник сургууль дээр байрлаж байгаа жагсагчдын эсрэг цагдаа нар усан буу болон нулимс асгаруулагчийг ашиглаж байгаа юм.
Харин оюутнууд цагдаа нарыг дотогш оруулахгүй байхын тулд сургуулийн зарим нэвтрэх хаалгыг галдан шатаасан талаар мэдээлэл гарч байна. Хонконг дахь Бээжингийн бодлогыг эсэргүүцсэн ардчиллын төлөөх оюутан залуус цагдаагийн техник хэрэгсэл рүү шатамхай шингэн шидэж байгааг орон нутгийн хэвлэлүүд харуулжээ. Өнгөрсөн даваа гарагт цагдаагийнхан нэгэн тэмцэгчийг буудсан эсэргүүцлийн хөдөлгөөнийг улам дэвэргээ байна.
Пүрэв гарагт болсон мөргөлдөөний үеэр 70 настай иргэн тоосгонд цохиулж амиа алдаад байгаа юм. Жагсагчид нум сум хэрэглэж, цагдаагийн албан хаагчийг мөн хүндээр шархдуулсан мэдээлэл гараад байна. Үүний дараа цагдаагийн байгууллагаас жагсагчдын эсрэг галт зэвсэг хэрэглэж болзошгүй гэдгийг анхааруулаад байна.
Хонконгод үүсээд байгаа эмх замбараагүй байдлаас үүдэн ахлах болон их сургуулиуд хаагдаад байгаа юм. Энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөнийг үл харгалзан орон нутгийн сонгуулийг 11-р сарын 24-нд явуулахаар товлоод байна.