Японы мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн буюу “Кюүшюү” башё үргэлжилж байна. Өчигдөр буюу тэмцээний 9 дэх өдөр ёкозүна Хакүхо, маэгаширагийн 4-т бичигдсэн Котоюүкиг гуд татаж ялснаар 8-1 амжилтаар башёг ганцаараа тэргүүлсэн хэвээр үлдлээ. М.Даваажаргалын хувьд энэ тэмцээнд түрүүлбэл 43 дахь түрүүгээ хүртэнэ.
Энэ оны сүүлийн тэмцээнд Хакүхогийн араас шинэ комүсүби Асанояма, маэгаширагийн 13 дахь бөх Кагаяки нар 7-2 амжилтаар нэхэж байгаа бол нийт таван бөх 6 даваатай тэмцээнийг үргэлжлүүлж байна. Асаноямагийн хувьд 9 дэх өдрийн барилдаанд өмнөх 7 барилдаанд дараалан ялагдаад байсан маэгаширагийн тэргүүн бөх Даиеишог давжээ. Харин Кагаякигийн хувьд 5 өдөр дараалан ялсан юм.
“Кюүшюү” башёг ёкозүна Какүрюү, озэки Гоеидо, сэкивакэ Точиношин нарын шилдгүүд бэртлийн улмаас өнжиж буй учраас Хакүхогийн түрүүлэх магадлал их байгаа билээ. Макүүчи зиндаанд барилдаж буй манай бусад бөхчүүдийн хувьд Тамаваши 4-5, Даишохо 2-7 амжилттайгаар тэмцээнийг үргэлжлүүлж байна.