"Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай" тогтоолын төслийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.11.19) хуралдаанаар эхлээд “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Уг тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ санаачлан боловсруулж 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.
Тогтоолын төслийн талаарх хууль хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулав.
Одоогоос 30 жилийн өмнө нам төвтэй төрийн тогтолцооноос татгалзан олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч, чөлөөт ардчилсан сонгуулийн үндсэн дээр төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулах замаар иргэд улс төрийн болон хуульт ёсны эрх, эрх чөлөөгөө бодитойгоор эдлэх боломжийг олгосон билээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, хувийн болон бусад өмчийн хэлбэрийг хүлээн зөвшөөрч, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг улс төрийн эрхээ эдлэх үйл хэрэг нь Монгол Улсын түүхэнд байгаагүй өөрчлөлт шинэчлэлт байв.
Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжих үйл явц шулуун дардан байгаагүй, саад бэрхшээл, сорилт олныг даван туулж ирсэн. Энэ түүхэн үйл хэргийг санаачилсан, баталгаажуулсан, бэхжүүлсэн, ардчилсан тогтолцоог цогцлон хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүнийг Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг медалиар Монгол Улсын Ерөнхийлөгч шагнаж байв.
Ардчилсан хувьсгалын ой бол монгол хүн бүрийн шинэ түүхийн үеийн, бүхэл бүтэн монголчуудын хэв маяг, нийгмийн шинэ үнэт зүйлийг шинээр бий болгосон үйл явдал гэдэг утгаараа нийт ард түмний баяр юм. Бид олсон ололт, авсан сургамждаа дүгнэлт хийж, хариуцлагатай ардчиллыг цаашид гүнзгийрүүлэх, Ардчилсан хувьсгал өрнөсний 30 жилийн үнэ цэнийг үнэлэн дүгнэж, Монгол орны түүхийг бодит үнэнээр нь баталгаажуулах, бэхжүүлэх, үүнд оролцсон хүмүүсийг алдаршуулах зайлшгүй шаардлагатай байна гэж үзсэний үндсэн дээр Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн дагуу "Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлснийг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.
Тогтоолын төсөл нь 3 зүйл, 2 хавсралттай бөгөөд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох, хэнд, хэрхэн олгох харилцааг зохицуулахаар төсөлд тусгажээ.
Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд монгол хүн бүрийн нийгмийн шинэ үнэт зүйлийг шинээр бий болгосон Монгол орны түүхийг бодит нь баталгаажуулах, бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах үйл явц болно гэж үзэж буйгаа хууль санаачлагч онцоллоо. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль нь Ерөнхийлөгчийн зарлигаар олгогдох юм байна.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив.
Дараа нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч хууль санаачлагч гишүүн Х.Болорчулуун Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд оролцож байгаа тул хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны дараагийн хуралдаанаар хийхээр түр хойшлууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.