Хүн дүрст сармагчингууд 12 сая жилийн өмнө босоогоороо алхаж байсныг тогтоожээ
Хүн төрөлхтний өвөг эцэг, хүн дүрст сармагчингууд 12 сая жилийн өмнө босоогоороо алхаж, явж байсныг эрдэмтэд тогтоожээ. Германы эрдэмтдийн олж илрүүлсэн хүн дүрст сармагчны яс, Европод хүн төрөлхтний өвөг эцэг 12 сая жилийн өмнө хойд хоёр мөч дээрээ алхаж байсныг гэрчилсэн байна.
Өмнө нь эрдэмтэд “Өнөөдөр хүмүүс бид босоо байрлалтай явж байгаа нь бидний өвөг дээдэс болох мичин хүмүүс 6 сая жилийн өмнө Африкт хойд мөчин дээрээ алхаж байснаас үүдэлтэй” гэж үзэж байсан бол Германы өмнөд нутгаас олдсон хүн дүрст сармагчны ясны бүтцэд хийсэн шинэ судалгаа, хүний дээд үе үүнээс ч өмнө хөл дээрээ алхаж эхэлснийг харуулж байна гэж эрдэмтэд ярьж байна.
Германы Тюбингенийн их сургуулийн эрдэмтэн Мадлен Бохмийн удирдсан судалгааны баг 2015-2018 оны хооронд Бавар мужид явуулсан малталтаараа сээр нуруутан амьдын 15 мянган яс олж илрүүлсэн байна. Эднээс 4 сармагчны араг яс хамгийн бүрэн бүтэн олдворт тооцогдсоноос гадна 12 сая жилийн тэртээ амьдарч байсан нэг эрэгчинг нь Данувиус гэж нэрлээд байжээ.
Судалгаагаар Данувиус хэмээх хүн дүрст сармагчны яс анатомын хувьд онцлог байсан байна. Энэ онцлог шинжүүд нь түүнийг бусад сармагчингуудын адил модонд авирч амьдардаг байснаас гадна хойд мөчин дээрээ алхаж явж чаддаг байсныг гэрчилж байна. Ясных нь бүтцээс харахад урд мөч нь урт, хуруунууд нь тахийж мойнийсон, эрхий хуруу нь гогдож татах зориулалттай мэт болсон нь хүн дүрст энэ мичийг модонд дүүжлэгдэж байсныг батлах боловч доод мөчдийн хэлбэр нь хүнийхтэй илүү төстэй, босоогоороо алхаж явахад илүү зохицсон байна хэмээн эрдэмтэд тайлбарлажээ.