Засгийн газрын хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Аж ахуйн нэгжүүд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ
Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч нэр бүхий 22 аж ахуйн нэгж ирэх онд 30 хоногийн хэрэглээний нөөц бүрдүүлэх үүрэг хүлээлээ. Нөөцийн хэмжээг шатахуун импортын хувь хэмжээ, нэр төрөлд үндэслэн нийт 133 мянган тонн байхаар шинэчлэн тогтоов.
2019 онд 26 аж ахуйн нэгж А-80 автобензин 6000 тонн, АИ-92 автобензин 35500, дизелийн түлш 71750, ТС-1 онгоцны түлш 3500 тонны нөөцтэй байх үүрэг хүлээсэн. Засгийн газрын тогтоолын дагуу нийт нөөцийг 116550 тонноос доошгүй хэмжээнд барьж байна.
2018 оны 08 дугаар сараас 2019 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд аж ахуйн нэгжүүд нэг сая 600 орчим мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.
Улаанбаатар-Дархан чиглэлийн шинэ замд 137 сая ам.доллар зарцуулна
Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгохоор болов.
“Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар соёрхон баталсан бөгөөд Улаанбаатар-Дархан чиглэлд нэмэлт хоёр эгнээ бүхий 202 км хатуу хучилттай зам шинээр барихаар Засгийн газар 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шийдвэрлэжээ. 137 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл нь 18 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа дөрвөн жил, жилийн хүү /хувьсагч хүү/ LIBOR+1% байх юм.