Хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон хүний амь насанд хүрч байсан өвчин бол хар тахал юм. Тэгвэл Хятадын Бээжин хотод энэ тахлаар хоёр ч хүн өвчлөөд байна. Өвөр монгол иргэд тахлын халдвар авсан талаар Хятадын Синхау агентлаг дамжуулсан байна.
Хар тахалд өртөөд байгаа Өвөр монгол иргэд эмнэлгийн хяналтад, эмчилгээ хийлгэж байгааг Хятадын албаныхан мягмар гарагт мэдээлсэн байна. Хятад улсад энэ жил хоёр дахь удаагаа хар тахал бүртгэгдэж байгаа нь энэ юм. Үүнээс өмнө буюу өнгөрсөн 5-р сард тарваганы түүхий элэг идсэн Монгол хосууд тахлаар өвчилж амиа алдсан юм.
Хар тахал нь дотроо гурван төрөл байдгийн нэг нь булчингийн буюу халдвар авсны хүний цавь, хүзүүний булчирхай хавддаг тахал юм. Одоогоор Бээжингийн Чаоян дүүрэгт эмчлүүлж байгаа Өвөр монгол иргэд булчингийн тахал аваад байгааг тогтоожээ. Тарвага, зурам зэрэг мэрэгч амьтанд элбэг байдаг нохойн бөөс нь хар тахлын нянг тээгч гэж судлаачид үздэг байна. Дунд зууны үед хар тахал Азиас Европт тархаж, 50 сая хүний аминд хүрч, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аюулт тахлаар нэрлэгдсэн юм. Хар тахлын эсрэг вакцин, эм бэлдмэл гараад байгаа ч эмчилгээгээ орхивол үхэлд хүргэнэ гэдгийг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын мэдээлэлд онцолжээ. Тус байгууллагаас танилцуулснаар 2010 оноос 2015 оны хооронд дэлхийн дахины хэмжээнд 3200 гаруй хар тахал илэрснээс 584 өвчтөн амиа алдсан байна. Энэ тахлын тархалт хамгийн өндөр орноор Конго, Мадагаскар болон Перу нэрлэгддэг байна. АНУ ч гэсэн жил бүр хар тахал бүртгэгддэг юм байна.