Д.Одбаяр өргөдлөө өгсөн ч Цэцээс явахгүй нь
ҮХЦ-ын дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн гишүүдийн бүрэлдэхүүнд хандаж гаргасан байна. Хүсэлтийг хэлэлцэх хуралдаан өчигдөр 16.00 цагт товлогдсон ч түр хойшлогджээ. Учир нь Цэцийн гишүүд Д.Одбаяртай уулзаж, зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэж үзжээ. Харин Цэцийн дарга Д.Одбаяр хүрэлцэн ирэхээс татгалзсан гэх мэдээлэл байна. Д. Одбаярын хувьд чөлөөлөгдөх хүсэлтээ ҮХЦ-ийн гишүүдийн бүрэлдэхүүнд гаргасан учраас Цэцийн даргын суудлаа өгч таарах байх. Гэхдээ Үндсэн хуулийн цэцийн гишүүн хэвээр үлдэнэ гэсэн үг. Зарчмын хувьд ҮХЦ-ийн дарга, гишүүн хоёрт ялгаа бараг үгүй. ҮХЦ-ийн гишүүн нь ч, дарга ч хэлэлцэж буй асуудалд санал хүргүүлдэг. Тэгэхээр Д.Одбаяр ҮХЦ-ийн дарга биш болсон ч Цэцэд байр суурь нь үлдэнэ гэсэн үг. Хэрэв тэрээр ёсзүйгүй үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх бол ҮХЦ-ийн гишүүнээс татгалзах хүсэлтээ УИХ-д гаргах учиртай байсан юм. Гэсэн ч тэгсэнгүй, тэр цэцдээ үлдэхээр шийджээ.
ҮХЦ-ийн дарга Д.Одбаярт БНСУ-ын прокурорын газраас бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр долоон сая вонын торгууль ногдуулсан билээ. Мөн “Korean Air” компанид ажилладаг монгол ажилтнуудыг нислэгийн үеэр айлган сүрдүүлсэн гэх хэргийг нь шалгаж, монгол ажилтнууд гомдол гаргахаас татгалзсан тул уг хэргийг хаасан байдаг.
Тэгэхээр түүний холбогдсон хэргийг бодсон ч, сүүлийн үед цэцээс гаргаж буй шийдвэрүүдийг харсан ч Д.Одбаяр Үндсэн хуулийн манаач байх ёсзүйгүй. Улс төрөөс ангид, тэднээс хамааралгүй байх зарчмаа цэц аль хэдийнэ алдаад байв.
Цэцийн дээр хөх тэнгэр бий гэсэн ойлголт үгүй болсон. Учир нь Д.Одбаяр улс төртэй дэндүү ойрхон тэдэндээ хамгийн их холбоо сүлбээтэй ажилладаг цэцийн дарга “байсан”. Өөрөөр хэлбэл, Цэцийг улс төрийн барьцаанд оруулж буй гол хүн нь Д.Одбаяр. Тэр цэцийн даргын суудлаа өгч, гишүүнээрээ үлдвэл мөн л тэнд “улс төрийн” арга техникээ үргэлжлүүлэх нь тодорхой. Тэгэхээр одоо Д.Одбаярыг цэцээс бүр мөсөн чөлөөлж, Цэцийг улс төрийн барьцаанаас гаргах л байсан юм.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин