Нүүдэлчин ахуй...
Нүүдэлчин ахуй нь Монгол улс өнө мөнхөд туурга тусгаар оршин тогтнох аюулгүй байдлын баталгаа, монгол хүний эрүүл саруул байх үндэс суурь дархлаа төдийгүй хүн төрөлхтөний шуналыг хазаарлан барьж, тэднийг бас сүйрлээс аврах асар гүнзгий гүн ухаан юм. Нүүдэлчдийн бүх ачаа бараа хөрөнгө зоорь нь таван тэмээнд багтаж, таван хошуу мал нь суурь хонь отор үхэр азарга адуунаас хэтэрдэггүй минималист үзэл бидэнд хэдэн мянган жилээр дархлагдан өвлөгдөн үлдсэн байдаг. Тухайлбал, ээж маань галын хайчаараа тогоон дахь махаа ч төхнөж, галаа ч төхнөж, толгой шийрээ ч хуйхалж гурвын гурван үүргийг нэг л багажаар хийж, аав минь араг сэгсээр аргал хүйдэс ч түүж, авдар сав ч болгож, нүүхдээ биднийг тэмээнд тэгнэх хэрэгслэл ч болгодог байсан минималист үзэл одоо дөнгөж дэлхийд моодонд ороод байна.
Хүн төрөлхтөн жаран тэмээ ачаа хөрөнгө төдийгүй хичнээн ч хаус, алт эрдэнэс адуу мал эд хөрөнгөтэй байлаа ч улам илүү баяжихыг хүссэн хязгааргүй шуналын тулам, гаж сэтгэхүйгээс хэрхэн салахаа хайгаад олохоо байсан энэ үед дэлхийн эрдэмтэд үүнээс гарах гарцыг хоттой малнаас нь эхлээд хүсэл мөрөөдөл эд хөрөнгө бүх юм нь хэмжээ хязгаартай байдаг нүүдэлчин монгол айлаас л олж харжээ.
Аргалын утаа боргилсон малчны гэрт төрж өссөн хүүхдүүд бухан дээр бух биш, харин үнээн дээр бух харайдаг гэдгийг хар багаасаа л харж ойлгож сэтгэдэг учраас өнөөгийн дэлхий нийтийн тулгамдаад байгаа ижил хүйстэн буюу LGBT-ын асуудал ч тэдний дунд байдаггүйг мөн л нүүдэлчин ахуйгаас олж харжээ.
Хэрвээ бид таван тэмээгээ хомнож ачаагаа татаж айргаа исгэж байгаль цаг уурынхаа хатуу ширүүн уур амьсгалаар нэг газраас нөгөөд өдөр сараар нүүдэллэн амьдардаг нүүдлийн соёл иргэншилээ умартаж Дундад Азийн улс түмнүүд шиг устгаад музейд тавьчихаад, дэлхийн шунал сэтгэхүйд автагдан зуслан өвөлжөө болгондоо халуун хүйтэн ус хэдэн давхар хаустай, өөрийн өмчлөлийн тариа ногооны хэдэн арван га газартай, хэдэн зуун мянган малтай, тэднийгээ хашаад химийн бордоо тариагаар тултал нь бордож, ашиг орлогоо жилээс жилд улам арвижуулах шуналтай болоод тансаглаад суурин амьдралд шилжээд ирэхийн цагт орос хятадын жирийн иргэдээс өгсүүлээд гадны ямарч хүн орж ирээд ийм суурин ахуйгаар төвөггүй амьдраад эхлэх нь үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолд аюул учруулж химийн бордоогоор бордсон мах хүнс нь монгол хүний генетикийн бүтцийг өөрчилж эхлэнэ.
Зуугаад жилийн өмнө Орхон Сэлэнгэ хавиар нүүдлийн ахуйгаа устгаад хятад оросууд их хэмжээгээр ирж суурьшиж аймгийнхаа хэмжээнд долоохон тэмээтэй үлдэж байсан гэх гашуун түүх явган яриа ч бий. Тиймээс монголчуудаас бусад хүмүүс дасан зохицоод амьдрах нь бүү хэл толгойд нь орж төсөөлж чаддаггүй нүүдэлчдийн соёл иргэншил, түүндээ захирагдсан хүсэл сэтгэхүйн хэмжээ хязгаараа хэдий чинээ удаан хадгална, энэ нь төдий хирээр бид туурга тусгаар оршин тогтнох дотоод хүчин зүйл, гадны нөлөөллөөс хамгаалах аюулгүй байдлын гол баталгаа болно.
Дэлхийн 1, 2-р дайныг хэнээс ч хамааралгүй нүүдэлчид бид маш бага хохиролтойгоор давж гарсан бөгөөд өнөө үед ч ямар нэгэн гамшиг аюулт үзэгдэл ган зуд газар хөдлөл сүйрэл дэлхий нийтийг хамарсан дайн дажин санхүү эдийн засгийн хямрал болоход гэрийн хэдэн унь толгой дээр унасан шигээ, хоттой хэдэн малнаасаа алж идсэн шигээ, аргал хомоолоо түүж галаа өрдсөн шигээ хамгийн бага хохиролтойгоор өнгөрөөх боломж бий.
Өнөөгийн улс үндэстэнүүдийн шохоорхоод байгаа Европын холбоо нь үндэстэнүүдийн цоо шинэ нэгдсэн холбоог бий болгож байгаа ч тэнд Эстон Чех Бельги гэх мэт гишүүн орнуудынх нь соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хилийн халдашгүй дархан байдал гэх мэт зүйл үгүй болж, тусгаар тогтнолоо эдгээр үндэстэнгүүд бүгд европын нэгдсэн ашиг сонирхол, европын соёл иргэншил нэрийн дор тавиад туучихаж байгаа юм.
Хоёрзуугаад жилийн өмнө дэлхийн гүрнүүд хүчээр дэлхийг зургаа долоохон империйн колончлолд хуваан авч байсан бол ХХ зуунд тэдгээр нь муу нэртэй ч коммунизмийн ачаар 200 улс болон задарсан ч ХХI зуунд эргээд сайн дурын үндсэн дээр түүх соёл иргэншлээрээ эвлэлдэн нэгдэж холбоо байгуулж байгаа нь шинэ колончлолын тод жишээ юм.
Цаашид иймэрхүү маягаар дэлхийн бусад улсууд хоорондоо нийтлэг соёл иргэншилээрээ нэгдээд янз бүрийн холбоо байгуулсан ч биднээс өөр хэн ч амьдарч чадахааргүй дэлхийд ганц нүүдэлчдийн соёл иргэншилээ бид хайрлан хамгаалж өвлөж уламжилж хадгалж чадваас үеийн үед туурга тусгаар байж чадах бөгөөд үүнд бидний соёл иргэншлийг нааштайгаар дэмждэг НҮБ болон бусад олон улсын хүчин чармайлтыг ч овжин ашиглах нь зүйтэй.
Монгол бол нүүдэлчдийн соёл иргэншлийн дэлхийн төв, нүүдэлчдийн соёл иргэншил бол зөвхөн монголчуудад байгалиас заяасан, байгальд хамгийн ээлтэй соёл иргэншил учраас наад зах нь хотын та бид ядаж хүүхдүүдээ хөдөө эмээ өвөө ах дүү хамаатан садан руу нь үе үе илгээж нүүдэлчин ахуй сэтгэхүйгээр суралцуулах төдийгүй нар салхи агаар сүү цагаан идээ монгол ахуйд зуны гурван сар тэднийгээ байлгахад насаараа хаанаас ч хайгаад олохооргүй нүүдэлчин монгол хүний эрүүл бие сэтгэлийн дархлаатай болгоно гэсэн үг. Төр засгаас нүүдлийн ахуйтай хүүхдийн зуслангуудыг олноор байгуулах бизнесийн санааг дэмжээд өгвөөс олон залуус жинхэнэ монгол дархлаатай болно.
Эрүүл агаар ус мах сүү цагаан идээ онгон байгалийнхаа ачаар монгол хүн ялангуяа хөдөөний хүүхдүүд янз бүрийн өвчин эмгэгт дархлаатай байдаг бөгөөд миний бие арваад жил алс газар аюулт химийн зэвсэгтэй ноцолдож янз бүрийн мэдэх мэдэхгүй ханиад томуу халдварт өвчний вакцин тариа хүчээр шахуулсаар байгаад нутагтаа ирээд анхны цаснаар л томуу тусч хүндэрч эдгэрэхгүй хэдэн сар болсноор монгол хүний дархлаагаа алдсанаа сая ухаарч, одоо түүнийгээ дэлхийд өөр хаана байхгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн ингэний айраг, адууны мах, хонины уураг, Борхын чацаргана, Тосонгийн нэрсээр л нөхөн сэргээж байна.
Эгэл ард маань тааваараа таван хошуу малаа талын нэг тараагаад таань мангираар цатгасан шиг хөдсөн дээлээ сугалдаргалаж хөх хомоолоо өрдсөн шиг таван тэмээгээ хомнож тариа будаагаа хуурсан шиг тамхи тариагаа татаж найр наадмаа хийсэн шиг айраг цагаагаа исгэж адуу унагаа тамгалсан шиг байгаараа л байдаг ийм сайхан эх орон иргэншил энэ дэлхийд Монголоос өөр хаана ч үгүй. Та таван тивээр хэрж долоон гайхамшигийг харлаа ч таанын үнэрт дуниартах эх оронтойгоо зүйрлэх газрыг хайгаад хайгаад ч олохгүй, таван одтой буудалд тансаглаж нэг үзэвч тараг цагаанд нэвчирсэн ээжийнхээ гэрээс илүү сайхныг эрээд эрээд ч олохгүй.
Аав ээж маань аль хэдийн бурхан болсон ч адуу мал нь өсөж үржин алтан нутагтаа америкийн мустангархуу юмнууд тааваараа бэлчиж байхад нь бэлчээрийг нь бичил уурхай уран олборлох олз омог олох нэрээр онгичон сэндийлж ус голыг нь ширгээж хаяад адууны мах экспортлох ашиг шимийг нь эрчимжүүлэх нэрийдлээр аавын минь адууг хааш нь ч гаргахгүй хашаад химийн бордоо хүчит тэжээлээр бордон үүлдэр угсаа сайжруулж байна гээд эрлийз хурлийз болгон биологийн аргаар хувилан олшруулан азарга адууг нь арав хорин мянга болгон өсгөж үржүүлэн агуу хятадын зах зээлд гарган ашиг хонжоо оллоо гэж бодоход монгол морьдын удмын сан нь үгүй болж биеэ дааж босож ч чадахгүй үс хөөвөргүй зүгээр л нэг чармай нүцгэн хувилсан амьтад болж хувирна
Доржпалам ээж Гармаа 1962 он
Тэрбум хүнтэй зах зээлийг хангахын тулд тавин сая бордсон морьд ч тэдний зах зээлд багадана. Зөвхөн аавын адуу ч гэлтгүй уулын аргал янгир шиг талын таана мангир идэж өссөн таван хошуу мал маань ямтай ч гэсэн яах ч үгүй махыг нь идээд дархлаа тогтчихсон бидэндээ бол эмийн чанартай идэх хоол экологийн цэвэр бүтээгдэхүүн, харин тэдэнд бол аюулт бактерлогийн зэвсэг л гэсэн үг. Тээр жил Хиллари Клинтон хатагтай Монголд айлчлаад хөдөө айлд айраг амссанаас болоод аюултай юм амслаа гээд холбогдох хүмүүстээ зад зэмлүүлж байсан гэх яриа бий.
Янз бүрийн малын өвчний мэдэх мэдэхгүй нэр хочоор далайлган манайхаас мах авах нь бүү хэл орос хятад хоёрын хэн ч орж ирж зүрхлэхгүй олон жил болж байгаа нь манай тусгаар тогтнол аюулгүй байдалд нэгэн бодлын сайн хэрэг. Харин зуу хувь малаа эрүүлжүүлэхэд л экологийн цэвэр бүтээгдэхүүн гээд экспортлож гаргасаар байгаад тээр жилүүдэд баавгайн доньд бугын эвэр тарваган шуба гээд хойш нь урагш нь зөөгөөд дуусгасан халиун буга хүрэн баавгай хөндийн тарвага шигээ л юм болгох вий.
Химийн бордоогоор бордсон эрчимжүүлсэн мал аж ахуй монгол малын удмын сан генд нөлөөлөөд зогсохгүй түүнийг идэж уусан монгол хүний удмын санд бас нөлөөлж болзошгүйг генийн өөрчлөлттэй гахай тахиа хүнсний бүтээгдэхүүн идсээр байгаад өөрсдөө генийн өөрчлөлтөнд орж байгаа гадаад улс америкийн туршлагаас харж болно.
Америкад генийн өөрчлөлттэй хүнснээс (GMO – Genetically modified organism) авахуулаад бүх салбар нь үсрэнгүй хөгжсөн ч унаган байгалиа бодоод бодлогоор ганц хөгжүүлдэггүй салбар нь уул уурхай түүний дотор алт уран газрын тосны салбар бөгөөд тэд эхлээд дэлхийн бусад орны нөөцийг цөлмөж дуусгаад эх нутгийнхаа үүцээ хамгийн сүүлд задлана гэсэн хар хайрцагны бодлоготой нь холбоотой байдаг.
Өнөөдөр дэлхий тэр чигтээ хүнд үйлдвэржилт уул уурхай түүнээс үүдэлтэй агаар хөрсний бохирдол, хими биологи цацраг цөмийн аюултай хог хаягдалаас залхаж гүйцэн уух усгүй болж эрүүл мэнд аюулгүй орчныг дээд зэргээр эрэлхийлж онгон дархан газар нутаг унаган байгаль дэлхийгээ төсөөлөн байшингийнхаа орой дээр хүртэл хиймэл орчныг бүрдүүлж байна. Уул уурхайд сүйдсэн байгалийг сэргээхэд ухсан алт уранаасаа илүү ч зардал гардаг. Хамгийн гол нь тэнд хүн бүү хэл мал амьдрахад ч хэцүү Чернобыль шиг юм болохыг үгүйсгэхгүй.
Өнөөдөр монголын эх оронч охид хөвгүүд аавынхаа адууг омголон догшиноор нь өсгөх гэж алтан нутгаа онгон дагшинаар нь үлдээх гэж ард олноо амгалан зөнгөөр нь байлгах гэж Жавхлан гишүүн, Жагар тэмцэгч, Босоо Ганбаа, Бор эгчээс өгсүүлээд бүгдээрээ л унаган ахуй онгон байгалынхаа төлөө босоогоороо тэмцэж байгаа нь туйлын зөв. Харин төр засгаас байгальд ээлтэй нүүдэлчин ахуй экологийн цэвэр хүнс ХАА-г хөгжлийн загвараа болгоод уул уурхай УААА-д хуримтлагдсан аюултай хог хаягдлаа үтэр түргэн устган далд оруулж цаашдаа хими биологи цацраг цөм /CBRN/-ийн аюулаас холхон байх нь ард иргэдийн аминд өлзийтэй төдийгүй улс орны аюулгүй байдалд нэн тустай.
ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт