Монголын спортын өнөр гэр бүлийн их өргөөнд самбо бөхийн спорт дээгүүр сэнтийд залардаг бөлгөө. Тавиад жилийн өмнө Монгол нутагт анх хөл тавьсан самбо /Самооборона без оружия/ буюу зэвсэггүй бие хамгаалах спортоор олон залуус хичээллэн, хагас зууны хугацаанд тив, дэлхийн аваргууд мэндэлж, эх орныхоо нэрийг мандуулсан. Өмнө нь хуучин ЗХУ ба социалист системийн цөөхөн орны явцуу спорт гэгддэг байсан самбо өдгөө дэлхий дахинд далайцтай хөгжиж байна.
Олон улсын олимпийн хорооны хүлээн зөвшөөрсөн спортын холбооны эрхэм ховор статусыг гардсан тул гурван жилийн “орлогч гишүүн”-ий албаа амжилттай хаан, цаашдаа дараа дараагийн олимпийн наадмын албан хөтөлбөрт баггахын төлөө самбо бөх нэрээ дэвшүүлэн, ач тач өрсөлдөх алтан боломж бүрдлээ гэсэн үг. Тэгвэл Монголын спортын ахмад холбоодын нэг самбо бөхийн холбооны амжилт үсрэлтийн алтан түлхүүр өдгөө юунд оршном бэ?
Одоогоос 30 жилийн тэртээ ОХУ-ын Москва хотноо зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гавьяат тамирчин О.Балжинням, Б.Бат-Эрдэнэ нар түрүүлж, эмэгтэйчүүдээс Л.Бадамсүрэн хамгийн анхны дэлхийн аваргаар тодрон, Монгол улс багийн дүнгээр 2-р байрт шалгарч байсан түүхтэй. Тэгвэл саяхан БНСУ-ын Чёнжү хотноо өндөрлөсөн дэлхийн аварга шалгаруулах 43 дахь удаагийн тэмцээнд зодоглосон Монголын баг тамирчид 80 орны 600 гаруй самбочидтой уран мэхийг уралдуулан барилдсаар 2 алт, 1 мөнгө, 8 хүрэл медалиар энгэрээ мялаан, багийн дүнгээр “Баавгай Орос”-ын дараа 2-р байрт жагссан өндөр амжилтыг олон жилийн дараа дахин үзүүлж, өргөн түмнээ баярлуулав.
Гуулин улсын дэвжээнээ ОУХМ Д.Алтансүх -68кг жинд, ОУХМ Д.Пүрэвдорж +100кг жинд тус тус түрүүлэн, дэлхийн аварга цол хүртэж, өдгөө бөмбөрцгийн алтан медальтны тоо дөрвөн аравтыг давлаа. Холбооны анхны ерөнхийлөгч Л.Энэбишийн бат суурийг нь тавьсан амжилтын буухиа үргэлжилж, түүний төрсөн хүү Э.Мөнх-Очир аавынхаа ажил үйлсийг амжилттай залгамжлан, самбо бөхийн медалийн цуглуулгыг арвижуулсаар 2013 онд Таэквондогийн босс Д.Гэрэл энэхүү спортын хамт олныг тэргүүлэх болов. Улмаар 2017 онд самбо бөхөөр “цээж дүүрэн амьсгалсан” дэлхийн аварга цолтой, ОУХМ Б.Ариун-Эрдэнэ хайртай спортынхоо төлөө хамаг бүхнээ зориулахаар зориг шулуудан, ерөнхий нарийн бичгийн даргаар тохоон томилогдож, шинэ баг, шинэлэг менежмент, шидрүүн ажиллагаа өрнүүлж эхэлвэй. Ажилдаа ханцуй шамлан орсон удирдлагууд хамгийн түрүүнд спортын төв ордонд өөрийн гэсэн “эдлэн газар” самбо бөхийн танхимаа 15 жилийн дараа эргүүлэн өмчилж, сэргээн засварлан, байнга бэлтгэл сургууль хийх таатай нөхцлийг бүрдүүлэв.
Мөн л түм түжигнэж, бум бужигнасан халуун цэг болох спортын төв ордонд холбооны төв штабаа нээж, самбо бөхийн гал тошо хоногг “25 цаг” хөдөлмөрлөх бололцоотой болох нь тэр. Москвад төвтэй Олон улсын самбо бөхийн холбоо /FIAS/-ны удирдлагатай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, “барьцаа лавшруулсаар” Улаанбаатар хотноо олон улсын тэмцээнийг урин залах эрхийг удаа дараалан хүртэж, Монгалын үзэгчид мэлмий мялайлах нь олширлоо.
Ноднин жилийн турш олон хэлбэрээр ёслол төгөлдөр тэмдэшэсэн “Самбо 50” ой хүрээнд азийн аварга шалгаруулах тэмцээнийг 3 дахь удаагаа эх орондоо зохиож, 2019 оны 7-р сард Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Мазаалай” холимог багуудын дэлхийн цомын анхдугаар тэмцээн нь шандас шөрмөс сорьсон, шаггүй шагналын сан /70.000 ам доллар/-тайгаараа олон улсын түвшинд овоо шуугиулаад авсан. Саяхан БНСУ-д болсон Олон улсын самбо бөхийн холбооны их хурлын үеэр тус байгууллагын тэргүүн В.Шестаков “Мазаалай” дэлхийн цом нь үлгэр жишээ зохион байгуулагдсан тэмцээн хэмээн онцлон тэмдэглэсэн бөгөөд анхдагч бренд энэхүү тэмцээнийг ирэх жил ахин Улаанбаатарт урин залах эрх олгосон нь нэр төрийн хэрэг бөлгөө. Мөн дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн ч манай хөрсөн дээр буух магадлал өндөр буй. Монголын самбо бөхийн холбоо, дэлхийн самбо бөхийн хөгжилд хувь нэмрээ оруулж, БНХАУ-д уг спортыг хөгжүүлэх эх суурийг тавилцан, Нанхиад улсын анхны дасгалжуулагчдын үндэсний семинарыг FIAS-тай хамтран удирдаж, ӨМӨЗО-ны Шилийн хотын багийг “хөл дээр нь босоход” нь чин сэтгэлийн туслалцаа үзүүлэн, өндөр зэрэглэлийн дасгалжуулагчаа тэнд ажилуулж буй бөгөөд цаашдаа олон улсын солилцоог улам өргөтгөхөөр төлөвлөж байна. Аливаа спортын хөгжих нэг үндэс нь санхүүгийн ивээн тэтгэгч түншүүд билээ. Холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл нь дэлхийд зартай, Беларусийн “Белаз” компанитай түншлэлийн гэрээнд гарын үсэг зурж, Монголын тамирчдыг Минск хотноо хамтарсан бэлтгэлд урьж, тэмцээнд оролцох, хувцас хэрэглэлээр хангах, зардлыг нь ивээн тэтгэсэн бөгөөд цаашдаа ч хөгжлийн хөтөлбөр өргөжих болно. Самбо бөхийн дэлхийн аварга Н.Багиров манай шигшээ багийг дасгалжуулж, үнэтэй зөвлөгөөгөө хуваалцах бололцоог “Белаз” л бидэнд олгосон.
Шилдгүүдийн шилдэгт олгодог МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Бөртэ Чоно” цомыг өндөрт өргөж , бүх дэлхийн тэмцээнд далбаагаа өндөрт мандуулж, хүчтэй баг, хүчирхэг хамт олныг цогцлоож бүрдүүлсэн Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ болон гүйцэтгэх зөвлөлийн “гавшгай отрядынхан”, олон жилийн түүх намтартай, онцлон дурсах гавъяа алдартай самбо бөхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсээр шинэ оргил өөд тэмүүлнэм. Ирэх жил олон сорил шалгуур биднийг хүлээвч “Асаалттай танк” шиг энэ холбоо алдаа оноогоо цэгнэж, амжилт ялалт өөд зүтгэх зориг эрмэлзэл төгс байна.
МОНГОЛЫН САМБО БӨХИЙН ХОЛБООНЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА