Нүглээ өөрсдөө бүтээж, буянаа сайн дураараа бузарлав
Монголын өнөөгийн амьдралын хар барааныг түүж бичээд байгаа мэтээр надыг эрлийзээр дуудан нүд бүү үзүүрлэ! Халхын том ноёны ач хүү шүү би!
Албан ёсны мэдээлэл: Монголын нийгэмд тэгш бус байдал гүнзгийрч, ядуурлын түвшин нэмэгджээ. Уул уурхайн салбарт түшиглэн эдийн засаг эрчимтэй өсч байгаа боловч энэхүү өсөлт нь тогтворгүй, бүх хүнд хүртээмжтэй байж чадахгүй байна. Уг өсөлт салбарууд, бүс нутгийн түвшинд жигд бус байна. 2014 онд ядуурлын түвшин 21.6 хувь байсан бол 2016 онд 29.6 хувь болж, 8 пунктээр нэмэгдэж Монголд гурван хүн тутмын нэг нь үндэсний ядуурлын түвшингээс доогуур амьдарч байгааг илтгэж байна. Үүнээс гадна үндэсний ядуурлын шугамд тун ойрхон, ядуу ангилалд шилжин орох эрсдэл өндөртэй олон хүн байна.
Албан ёсны гадаад мэдээлэл: Дэлхийн эдийн засгийн форумын үзүүлэлтээр Монгол Улс иргэний дайнд үрэгдэж, ядуурал, өлсгөлөнд нэрвэгдсэн Конго, Йемен, Чадын өмнө орж, Африкийн Намиби, Руанда, Кени улсын араас жагссан байх юм. Мөн сүүлийн жилүүдэд Монгол Улс өрсөлдөх чадвараа ахиулах бус харин ч улам ухарч буй урамгүй үр дүнтэй гарлаа. 2019 оны байдлаар өмнөх оноос гурван байр ухарч, оноогоо 0.1 нэгжээр бууруулсан нь улаан дохио асаасан үзүүлэлт мөн.
Үндсэн сэдэв: Өнөөгийн Монголд гэгээтэй үйлс байлгүй яахав. Магтан дуулж болж байна. Би чадахын цаагуур чадна. Үзэг цаасаа нийлүүлээд диваажин Монголд байгаа мэт биччихсэн ч чадна. Мөнхийн амарлингүйн дүр эсгэж хараад сууж болохгүй болчихоод л бичээд байгаа хэрэг шүү дээ. Нийгэм маань маш доройтож байна. Он жил урсан өнгөрөх тусам улс орнууд, үндэстнүүд хөгжиж, бэхжиж, тэлж томорч, чац сууж, мөнгө хуримтлуулж, баялаг бүтээж, буян түгээж байдаг бол монголчууд бид яаж заяа нь хаяхлаараа хүн амынхаа талыг ядууруулчихсан, ядуурахад ойртуулчихсан, нийгэм нь ийм эмзэг хэврэг болчихсон, үндэсний аюулгүй байдлаа хэдхэн халтар төгрөгөөр солиход бэлэн болчихсон байдаг улс вэ?
Алтан, мөнгөн үеийн МУСК-нууд манай өнөөгийн нийгмийн хар бараан талыг аль дээр үеэс л сэрэмжлүүлээд байсан гэж ойлгодог. Яасан ч их айхтар хурцаар онож хэлдэг байсан юм. “Хүргэн хүү” хэмээх уран сайхны кинонд гардаг дүрс буй: “Өө зайлуул. Тэгээ юү? Угийн бүтэлгүй улс чинь хаана ч явсан ер нь өөдлөхгүй юм даа” – Хүргэн хүүгийн хадам ээж Аюуш авгай хэлж байдаг даа. Аюуш авгайн энэ егөөдөл өнөөгийн Монголын дорд нийгэмд ирээд яг наалдчих аа юу гэлтэй. Гучин жил ардчилал шинэчлэл явуулаад хүний эрхийг бадруулаад нэг л явдаггүй ээ, хүн амын гуравны нэг нь ядуу! Угийн бүтэлгүй улс уу бид чинь? Хэзээ ч өөдлөхгүй юү?
“Нүгэл буян” хэмээх уран сайхны киноны эхлэл нь “Энэ үе бол эрхтэн дархтанд жаргалын үе, энэ үе бол эгэл олонд зовлонгийн үе байсан” гэж эхэлдэг. Үнэндээ ардчиллын энэ жилүүд нэг ёсны зовлонгийн үе болж туналаа. Нийгэм доройтохын хэрээр хошин урлаг, нийтийн ба найрын зохиолын дуу дуучид, лам, бөө шашин, мухар сүсэг, шагналын хур, гоёхын дон, шуналын дэв л цэцэглэлээ. Нийгэм доройтоход шог хошин урлаг хөгждөг гэдгийг дундад зууны Европын түүх бэлхнээ харуулдаг. Нийгмийн байгуулал задарч, феодалын нийгмээс хөрөнгөтөн нийгэм рүү шилжих зурвас үед Европт шашин хэт дэлгэрч, лам нар үнэд орж, бас алиа марзан, хошин шог урлаг соёл хөгжиж, эх толгой нь алдагдаж байснаа XVIII зуунаас Европ цэгцэрч, соёлжиж, тэр үед хошин шог урлаг нь нийгмийн амьдралаас алга болсон юм билээ. Манай өнөөгийн нийгмийн олонхийн байж байгааг ажваас XVIII зууны өмнөх Европын дундаж орнуудын дампуурал л харагдаад байх юм.
“Нүгэл буян” кинонд гардаг Мядагмаа, гэвш Найдан нарын харилцан яриа: - Шөнө орой болчихов оо доо. - Тийм ээ, орой болчихлоо. Надад шөнийн цагт бүр ч их хэцүү. Би зовсон хүн шүү! - Ай хөөрхий, гэсэн ч юм бүхэн хугацаатай. Зовлонд ч хүртэл төгсгөл бий гэж багш лам минь айлдадгийм. Ер нь амьдрана гэдэг жаргал зовлон хоёрыг ээлжилж эдлэхийг хэлдгийм гэнэ лээ. - Бодвол Таны ярьдаг үнэн л байх. Гэсэн ч өдөр өнгөрөх бүр шөнө залгах яасан хэцүүв? Ганцхан өнөө шөнө л би Таны дэргэд байхдаа нарны гэрэлд байгаа юм шиг л байна. - Тэгвэл би жаахан байзная. – Яасан сайн юм бэ?
Би зовсон хүн шүү! – энэ үгийг хэлэх хүн Монголд дэндүү олдчихоод байгаад л би сэтгэл нэн түгшиж байна. “Нүгэл буян” кинонд гардагаар ээж Тоохуар нь охин Мядагмаагаа зовоож дуусдаг үйл явдлыг дүрсэлдэг бол өнөө цагийн монголчуудыг яг тухайлан очоод зовоочихсон өстөн дайсан, хорлогч, ад зэтгэр, чөтгөр шулам, харийн түрэмгийлэгч ганц ч байхгүй, ганцхан өөрсдөө өөрсдийгөө, өөрөө өөрийгөө зовоож тарчилгаж аж төрж, тэр тарчлаан дундаа жаргал зовлон хоёроо ээлжлэн эдэлж яваа нь энэ юм. Тамын амьтан тамдаа дуртайн үлгэр, тамын тогооны үлгэр Монголын өнөөгийн нийгмийг хэрэн бүчжээ. Бид өөрсдийгөө зовоож зовоочихоод “Найдан гэвш”-ийн эрэлд хатаж явна.
Энэ ёозоороо оршсоор бахь байдгаараа байвал цаашаа бүр ч зовохоор байна. Хүн амын хэт төвлөрөл, даац хэтэрсэн, байгаль орчноо сүйрүүлсэн өнөөгийн хотын төрх цаашдаа бүр ч хүндрэнэ. Одоогийн байдлаар Монголын хүн амын 70 хувь нь хот суурин газарт суурьшсан (тэдний ихэнхи нь нийслэлдээ) бол 2050 он гэхэд хүн амын 85 хувь нь хотод суурьшина гэсэн тооцоо байна. Монголын хөдөө эзгүйрч дуусах юм байна.
Хот томорч байгаад баярлах бахдах хүн зөндөө байдаг. Тийм их төвлөрөл л хөгжилд хүргэнэ гэсэн өөдрөг үзэл байдгийг би унтраах гээгүй. Харин энэ ёозоороо оршсоор бахь байдгаараа байх аваас гэсэн маань “Би зовсон хүн шүү!” гэж үглэгчдийн тоо толгой давчих вий гэсэн дохио сануулга юм. Хот томорлоо гээд ядаж хүнсний үйлдвэрлэл, тэр дундаа энэ их хашаа гэрүүдтэй гэр хороололд хүлэмжийн аж ахуй хөгжиж, үүнд хөгшин залуугүй шимтэж, ажилтай орлоготой болмоор санж. Тэднийг хэргээр албадан татан оролцуулах шаардлагатай. Гэтэл энэ ёозоороо бол нийслэл хотод хүнсний ба экологийн аюулгүй байдлын баталгаа алдагдах эрсдэл нэн их байна. Хүмүүс аз жаргал эрэлхийлж хөдөө орон нутгаас хот суурин газар руу шилжин суурьших боловч тэд улирлын чанартай, албан бус, хар боолын ажил эрхэлж, зах зээлийн цочролд өртөн, эмзэг давхаргын хүрээг тэлэгчид болон хувирч байна. Энэ буруугийн 100 хувийг биш юм гэхэд лав 80 хувь нь өөрсдийнх үйл лай, байж байгаа төрх, хүмүүжсэн гэгээрсэн түвшин, ажилд бэлтгэгдсэн байдал нь тэр юм. Харин үлдэх 20 хувийг нь төр засаг руу наачихад болох байх.
Тийм учраас би энд “Хэн ч албадаагүй дарамтлаагүй байхад” гэдэг аргумент гаргаж тавин шүүмжилнэ. Хэн ч албадаагүй дарамтлаагүй байхад монголчууд, улаанбаатарчууд өөрсдийгөө зовоож тарчилгасан элдэв ажил алба эрхэлнэ. Мөнгө хуримтлуулна, өөрсдөө соёлтой сайхан амьдрана гэж гонж. Шөнөдөө шөлний махтай харьвал дээдийн заяа. Ихэнхи нь талхны мөнгөө л олдог байх. Төв замын хажуугаар гэр хорооллын нүд хальтрам юмс үзэгдэл, эцэс төгсгөлгүй драм үргэлжилнэ. Хэрэгтэй хэрэггүй юм зарж суугаа тас хар царайтай хөгшин залуу, эр эм хүмүүс ярайна. Гуйлгачин түүлэгчин бас хэд гурваараа явна. Сав л хийвэл тоос шороо босчихно. Дэлгүүрээр нь хүн холхиостой. Тэдэнд ажил амралтын өдөр гэж байхгүй, өдөр шөнө гэж байх шиг байна. Халтар, нурж унахаа шахсан, яажийсэн хашаа хороо, дан байшингууд эгнэнэ. Түрээслэнэ, зарна, караокэ, буудал гэсэн хаяг өлгөөстэй. Согтуучууд үүрийн гэгээтэй уралдан босч дэлгүүр мухлагийн гадаа хэд гурваараа цугларна, өвөл зун гэж ялгахгүй. Тэдний царай зүс, шарх сорви, өмссөн зүүсэн гэж ярих ч юм биш. Тэднийг тэгж амьдар гэж хутга буу тулгаж дарамталсан нэг ч дайсан хорлогч, чөтгөр шулам байхгүй. Хүний ланчиг дор дороо байж байгаа төрх нь тэр. Хэн ч тэднийг албадаж тамын амьдрал руу хөтлөөгүй. Гэхдээ буруутныг уйгагүй хайна. Буруугаа төр засагтаа тохох нь энүүхэнд. Гудамжны шалдан улс төрчид буруутныг ярайтал нь заагаад өгчихнө.
Хэн ч албадаагүй дарамтлаагүй байхад улаанбаатарчууд зах дэлгүүр, лангуу, чингэлэгийнхээ дэргэд илжиртлээ зогсож, манацгааж, бөгсөө цоортол сууцгааж байна. Бараа таваарыг нь авдаг нь цөөхөн, ингээд барааны манаач хийгээд цаг нөхцөөгөөд суугаад байх нь тэр. Одоо тэднийг (бараг нэг саяас давна даа, улсын хэмжээнд) бүгдийг нь “Худалдааны гавьяат ажилтан” цолоор шагнаад нөгөө шар тэмдгээ хуу тараачихаад шилийг нь харвал ямар вэ?
Дэлхий дээр олон улсын 2000 гаруй индекс байдаг ба улс орнууд, хүн ардын болох болохгүй элдэв үзүүлэлтийг шалгуур болгон гаргадаг. 2018 оны Дэлхийн боолчлолын индексээр Монгол Улс 167 орноос 13-т орж, 37 мянган хүн боолын хөдөлмөр эрхэлж байна гэсэн тооцоо гарчээ. Хэн ч албадаагүй дарамтлаагүй байхад монголчууд өөрсдөө боолчлогдож байгаа нь тэр.
Хэний ч албадлагагүйгээр өөрсдөө харийнхны боол, зугааны амьтан болж хувирсан. Эх орондоо гадаад эзэнтэй аж ахуй, үйлчилгээ, баар цэнгээний газар боолын хөдөлмөр эрхэлнэ. Тэднийг баривчлаад гавлаад гадаад эзний хөлд аваачаад сөхрүүлчихсэн ганц ч тохиолдол байхгүй юм билээ.
Хоол хүнсэн дээр монголчууд ёстой үйлээ үзэн тэмцэнэ. Монголын нийт хүн амын 12 хувь буюу 400 мянган хүн маш муу хооллодог, эрүүл аж төрөх бүү хэл идэвхтэй амьдруулах калори, шим тэжээлээ авч чадахгүй байгаа бөгөөд сүүлийн таван жилийн турш ахиц гараагүй хэмээн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа хэлэв. Шим тэжээлийн архаг дутагдалтай хүн бараг хагас сая байна гэдэг 70 сая малтай, далай шиг их газартай, дайн мөргөлдөөн сүйрэл гамшиг тохиогоогүй Монголд бол гадаадынхны гайхшийг бараад дуусдаг байх.
Хүнс рүүгээ эргээд оръё. Эмээлтийн махны бой хийдэг газрыг хятадууд хэргээр сүйтгээд балиартуулаад там болгочихсон аятай зэмлэл тасрахгүй. Эмээлтийн махны бойны газрыг хятадуудад зарсан, хятадуудад зөвшөөрөл олгосон монгол эздийг эхэлж эрэн сурвалжилж ялыг нь үүрүүлээч. Хэнээр ч албадуулахгүй, хэнээр ч шахуулахгүй, бага зэрэг хөдөлмөрлөөд, хариуцлагажаад өөрсдөө махныхаа бойг аваад явчихмаар. Мал махаа гадаадын хэний ч оролцоогүйгээр аваад аялуулаад явах сэтгэл зориг, самбаа, мэдлэг монгол хүнд дутлаа гэж үү? Бүр гайхаад баршгүй. Хэний ч албадлагагүйгээр буруу хооллож, хэний ч албадлагагүйгээр жингийн илүүдэлтэй болж, хэний ч албадлагагүйгээр өөртөө өвчин хурааж, хэний ч албадлагагүйгээр залхуурч бэлэнчилж, хэний ч албадлагагүйгээр өлсөж турж, тартагтаа тулж явна.
Сэлэнгэ аймагт монгол хүн ундны усаа хятадуудаас худалдаж авдаг дээрээ тулсан юм бол усны ундрага газрыг хятадуудад зарсан зөвшөөрсөн монгол түшмэл байж л байгаа, түүнийг баривчилж ял тооцооч. Хөдөөгүүр лиценз зарсан, зөвшөөрөл өгсөн, байгаль сүйтгүүлсэн монгол дарга, эрхтэн дархтан байж л байгаа, тэднийгээ эхлээд яллаач. Ийм хэргийг эх орноосоо урвасантай адилаар яллах цаг нь болсон.
Өнгөрсөн 30 жилд буюу ардчиллын жилүүдэд нийгэм ороо бусгаа, эдийн засаг сайнгүй, тэгээд жагсаал тэмцэл, суулт өлсгөлөн бишгүйдээ тохиож байснаас хоёрхон үзэгдэл дээр бид мад тавиулдаг юм билээ. 1) Энэ 30 жилд “Ажил олго!”, “Ажлын байр бий болго!”, “Ажилламаар байна!”, “Ажил хийлгээч!”, “Ажил орлоготой болмоор байна!” гэсэн агуулга лоозонтой нэг ч жагсаал тэмцэл болж байгаагүй юм гэнэ лээ. 2) Бас энэ 30 жилд өлсөөд турж үхсэн ганц ч хүн байхгүй юм гэсэн. Үзээд өгье гэхнээ тийм баримт нэг ч алга.
Хэрэв Та яг одоо зовлондоо гутарч гомдлоо гаргамаар байгаа бол сайн дураараа буянаа бузарлаж өөрөө нүгэл хураасан өөртөө эхлээд гомд, өөрийгөө цээрлүүл, өөрийг чинь буруу хүмүүжүүлсэн, хүн болгож нийгэмшүүлээгүй эцэг эхдээ гомд, өвөө эмээдээ гомд, гэр бүлдээ гомд, дараа нь төрдөө, ардчилалдаа гомд!