Америкийн энгийн иргэдийн өр 14 их наяд ам.долларт хүрээд байна. Үүн дотор моргэж, зээлийн картын зээл, оюутны зээл болон бусад төрлийн зээл багтаж байгаа юм.
Америкийн иргэдийн хэрэглээний өр 1.3 их наяд ам.долларт хүрч, 2008 оны хэт өндөр үзүүлэлтийг даваад байгаа юм. Энэ хооронд Америкийн айл өрх бүрт оногдох өр 25 хувиар нэмэгдээд байгааг Нью-Йоркийн Холбооны Нөөцөөс лхагва гарагт мэдээллээ. Америкийн айл өрхүүдийн өрийн ихэнх хэсгийг моргэжийн зээл эзэлж байгаа юм. Тус улсын иргэд 9.44 их наяд ам.долларын моргэжийн зээлтэй байгаа төдийгүй энэ жилийн хоёр дугаар улирлаас хойш моргэжийн зээлийн өр 31 сая ам.доллараар нэмэгджээ.
Тэгвэл Америкийн оюутны зээл 1.4 хувиар өсч, 1.5 их наяд ам.доллар болоод байна. Тус улсын иргэдийн өр зээл ийнхүү нэмэгдэж байгаа нь ажилгүйдлийн түвшин болон зээлийн зардал бага байгаа нь нөлөө үзүүлж байгааг шинжээчид онцолжээ. Айл өрхүүдийн зээлийн түвшинг тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулбал 76 хувьтай гарч байжээ. Энэ нь 2009 онд 100 хувьд хүрч байсан тохиолдлоос бага байгаа юм.
Хэдийгээр Америкийн иргэд, айл өрхийн өр ийнхүү нэмэгдсэн ч дампуурлаа зарлах тохиолдолд цөөн гарч байна. Гурав дугаар улиралд 186 000 зээлдэгч дампуурлаа зарласан бол 2018 оны мөн үед энэ тоо 215 000 хүрч байсан юм.