Олны танил хүмүүсийн нэрээр 166 хүн залилжээ
Хүмүүсийн нэр, зургийг ашиглан хуурамч хаяг нээж иргэдийг мэхлэх гэмт хэрэг ихэсчээ. Тодруулбал, олны танил хүмүүсийн зургийг ашиглан уралдаан зарлаж, шагналын 10 хувийг буцааж авах тул мөнгөө шилжүүлнэ үү... гэх мэтээр залилдаг этгээдүүдийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байна.
Тэд 2000 оны гурван залуу байсан бөгөөд ихэвчлэн дансандаа мөнгө байршуулж, бусдыг залилдаг байжээ. Урьдчилсан байдлаар 166 хохирогч тус бүр 56 мянган төгрөг шилжүүлснийг тогтоосон байна.
Тиймээс энэ төрлийн үйлдлээр хохирсон иргэд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтэст хандаж, мэдээллээ шалгуулахыг анхаарууллаа. Цагдаагийн байгууллагад энэ оны эхний арван сарын байдлаар залилах гэмт хэрэг 4125 бүртгэгдсэний ихэнх нь цахим мэдээлэлтэй холбоотой байгаа аж.
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин