Энэ амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, хүйтний эрч сулрах боловч энэ сарын 16-17-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна.
Иймд халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдахыг малчид, иргэд, тээвэрчдэд Цаг уур, орчны шинжилгээний газар онцгойлон анхаарууллаа.
Арваннэгдүгээр сарын 16-наас 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 16-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна.
16-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 22-27 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.