Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооны 2019-2020 сургуулийн жилийн нээлтийн ёслол 11 дүгээр сарын 11-ний өдөр болов. Нээлтийн ёслолд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын спорт хороодын удирдлагууд оролцсон юм. “Алдар” спорт хорооныхон 2018-2019 сургуулийн жилд найман зорилт тавин ажилласнаас 100 хувь биелсэн байна. Түүнчлэн 216 уралдаан, тэмцээнд давхардсан тоогоор 1116 тамирчин амжилттай оролцож 278 алт, 206 мөнгө, 187 хүрэл, нийт 671 медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүлжээ. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд БНХАУ-д явагдсан Дэлхийн цэргийн спортын долоодугаар их наадамд109 орноос 17 дугаар байрт шалгарсан байна. Харин 2019-2020 оны сургуулийн жилд "Алдар"-ынхны өмнө дэвшүүлж байгаа хамгийн том зорилго нь "Токио-2020" олимпын их наадам бөгөөд өнөөдрийн байдлаар спортын гурван төрөлд таван тамирчин энэхүү олимпод өрсөлдөх эрхээ аваад байгаа ажээ. Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж “Алдар” спорт хорооны бие бүрэлдэхүүнд уралдаан, тэмцээндээ амжилт гаргаж, эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөхийг захиад зарим тэргүүний алба хаагчдыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар шагнасныг гардуулсан юм.
Эх сурвалж: "Соёмбо" сонин