"Мюзикл" хэмээх төрөл зүйл ба "дуурийн хий үзэгдэл" (Le fantôme de l'Opéra)-ийн тухайд
(Шүүмж)
Манай нийгэм – соёлын хүрээнд “мюзикл” гэх гадны үг сүүл үест эх хэлэнд маань нэлээд түрэмгий аястай зайдлан, хэл ам удах болов. Өдгөөгөөс хориод жилийн өмнө гэхэд л манай хөгжмийн театрын зар, урлагийн мэргэжлийн сургуульд энэ үг огт хэлэгдэж, заагддаггүй байлаа. Нийгмийн оюун санаан дахь “америк төвч үзэл”, мэдээлэл – технологийн хүртээлийн үрээр иргэд маань энэхүү дуу хуурын бүжигт жүжгийн талаар тодорхой ойлголттой болжээ. Гэсэн хэдүй ч “мюзикл” хэмээх энэхүү төрөл зүйлийн тухайд учиртайдуу өчих шаардлагатай мэт санагдана.
Орост хөгжмийн удирдаачаар сурдаг нэгэн оюунтан өөрийн “нүүрном”-ынхоо хуудсанд нэгэн цуут жүжгийг монголд дэлгэн тавихаар найрал хөгжмийн ноот сэлтийг нь английн элчингээр дамжуулж авчруулсан тухайгаа зурагтай мэдээлсэн нь чухам манайхан дэлхий ертөнцийн урлаг цэнгэлийн шилмэлийг урьдын адил ам сураг ажиг, хулгай хумслалын аргаар бус соёлт орчлонгийн ном дүрмээр нь нутагшуулан, нүдээр үзэж, гараар барьж “оюуны өмч, эрхийн харилцааны шинэ шатны дэвшилд орж эхэлж байгаа юм байна даа !” гэх бахтай сэтгэгдэл төрүүлсэн болно. Үүнд нь ташуур өгч, үзэгч түмэнд маань сэтгэлзүйн урьдчилсан бэлдэц, мэдээллийн нэмэр болжихуй хэмээн эл жүжгийг тойрсон учир явдлын тухайд өөрийн молхихон оюун бядыг заан өчиж буй минь энэ.
Монголчууд олон зуунаас өөрсдийн хөгжмийн театрын бүтээлийг туурвиж ирсэн. Энэ түүх наанадаж хагас мянганаар яригдах боловуу.
Европын театрын урлаг монгол оронд “Амьд сонин” (оросоор “Синяя блуза” чуулгын “Живая газета” нэртэй шинэ үзүүлбэрээс үүдэж) гэх коммунист хувьсгалт ухуулгын өнгө аястай төрөл зүйлээр дамжин 1920 - оод онд анх хөл тавьжээ. Энэ нь орос болон улс төрийн аястай шинэ монгол дууны ая, биеийн хөдөлгөөнт жүжиглэл, олны өмнө үг илтгэх хэллэгийн хосолсон төрөл байсан аж. Манай театрын түүхийн шарласан хуудас, манай үндэсний судлаачдын сүүл үест төдий л хөндөхгүй болсон энэхүү сэдвийг америкийн нийслэл Вашингтон хотод ноднин болсон Олон Улсын Монгол Судлалын 11 – р хуралд Д. Данзанравжаа, Г. Мэнд – Ооёо, О. Дашбалбарын яруу найргийг орчуулан судлагч, зурхайч, төвд - далай багшийг судлагч - лам, дуучин - хөгжимчин, продюсер, эрдэмтэн Саймон Вайкхамсмит (Simon Wickham-Smith) “Урансайхнаар дамжсан хувьсгал: Ши. Аюушийн “Амьд сонингууд”(1929)” гэсэн илтгэл тавьж, энэхүү асуудлыг сөхөн тавьсан нь гадны гярхай хүний өөр өнцгөөс харсан тайлал тун сонирхол татсан билээ.
“Амьд сонин” -ы үе тэртээд улирч, өдгөө “мюзикл”-ын эрин цаг ирсэн мэт аяглана. Урлагийн аливаа төрөл зүйл хувцасны моод загвар мэт цаг түүхийн харгуйд хаврын яргуй шиг үзэгдээд өнгөрөх нь бас байдаг шиг. Аргын буюу григорийн тооллын битүүн. Христийн хуанлийн шинэ он тоолол эхлэх баярын дуулианд хөгшид хөвөөгүй хөөрцөглөж, хот хүрээ газар гэрлэн чимэглэлийн анивчаанд умбаад, 2017 он гарахын яг өмнөх үдэш “Бродвейн театр” - ын нэгэн жүжигтэй нүүр тулах завшаан тохиосон юм. Дотно улсаасаа “насан баяр”-ын бэлгэнд үзвэрийн тийз гардсан тал бичээч хөгжмийн театрын нэгэн гойд туурвилыг амьд бодиор нь тольдон харахаар Кадиллак гэх театр руу эртлэнхэн, яаранхан очвоо. “Салхит” (Chicago) хотын төвд байрших энэхүү дуурийн театр 1926 онд анх хөшгөө нээсэн агаад, амфитеатрын хэлбэр загвартай театр бүтээх санаа францаар аялж явахад нь ах, дүү Рапп нарт төрсөн гэх. Энд 1344 үзэгч тухлан үзвэр үзэхээр баригджээ. Нью – Йоркчуул энэ удаад Чикаго хотын Кадиллакын Ордонд (Cadillac Palace) Эндрю Ллойд Вебберийн (Andrew Lloyd Webber 1948) “Дуурийн хий үзэгдэл” (“The Phantom of the Opera”)-тэй, ганзага, өвөр дүүрэн ирцгээжээ.
“Дуурийн хий үзэгдэл” хэмээн эх хэлнээ буулгаж болох энэхүү дуу хууртай, бүжиг наадам, яриа хөөрөөтэй “мюзикл” жүжгийн агуулга, зарим дуулал, хөгжмийг манайхан сайн мэдэх. Гадаад орноор байсгээд аялдаг, ажиллаж амьдардаг олон иргэд маань энэ мюзиклыг орчлонгийн зартай театр ордонд зорин очиж бишгүй үзээ байх.
Энд өгүүлж буй Э. Вебберийн “Дуурийн хий үзэгдэл” хөгжимт жүжиг 1986 оны аравдугаар сарын 9 – нд Лондон хотын Хатан хааны театрт (Her Majesty's Theatre) анх тоглогдсоноосоо хойш 2012 оны цагаан сарын үес гэхэд л зөвхөн Бродвейн театрт нэг түмэн (10000) удаа үзэгчтэй золгож, өдгөө нийт 30 орны 150 хотод аялан тоглож, 150 сая хүн үзсэнээр 6 тэрбум ам. долларын тасалбар худалдсан гэх тоонууд байна.
Хөгжмийн зохиолч Э. Веббер гэгч хэн бэ ?
Английн “амьд” суутан, хөгжмийн зохиолч Эндрю Ллойд Веббер 1948 оны III сарын 22 – нд Лондон хотын баруун дүүрэг Өмнөд Кенсингтонд хөгжимчний гэр бүлд төрж, өсчээ. Түүний эцэг Вильям (William Southcombe Lloid Webber) нь мэргэжлийн орган хөгжимчин, хөгжмийн зохиолч, Хааны хөгжмийн коллежийн хөгжмийн онол, хөгжмийн зохиомжийн профессор, Лондонгийн хөгжмийн коллежийн захирал хийж байсан ба эх Жийн (Jean Hermione Webber) нь хийл, төгөлдөр хуурын багш, харин дүү Жулиан нь олон улсад алдар нь түгсэн морин хийлч ажээ. Э. Веббер 3 наснаасаа хийл хөгжим сурч, 6 настайгаасаа хөгжим зохиож эхэлсэн ба “Тоглоомын театр” хэмээх 6 жижиг хэсгээс бүрдсэн хөгжмийнхөө анхны бүтээлийг “Хөгжмийн Багш” сэтгүүлд 1959 онд хэвлүүлж байжээ. Тэрбээр 1961 онд Вестминстерийн хөвгүүдийн сургуульд элсэн орж, 1964 онд төгссөн ба 1963 онд 15 наснаасаа хөгжмийн хэвлэлийн газартай гэрээ хийн бүтээлээ илгээх болжээ. Тэр Оксфордын Магдалены Коллежийн түүхийн ангид элсэн суралцсан боловч, хөгжмийн бүтээлдээ цагаа зориулахаар шийдэн сургуулиа орхисон байна.
Э. Веббер 1965 онд яруу найрагч Тим Райстай танилцаж, уран бүтээл хамтран туурвих болжээ. Библийн судраас сэдэвлэж, тэдний хамтран зохиосон “Иосиф ба түүний олон өнгөт гайхам хүрэм” (Joseph and the Amazing Technicolor Dreamcoat) нэртэй поп магтуу зохиолыг 1968 онд анх нийтэд үзүүлсэн нь алдарших буухианы эхийг нь тавьжээ. Сонгодог хөгжмийн хэлбэрийг рок хөгжимтэй хослуулсан Ийсүүсийн амьдралын сүүлчийн долоо хоногийн түүхийг өгүүлэх “Ийсүүс Христ супер од” рок дуурийн 1969 онд пянзанд бичигдсэн дуунууд нь эл хоёр уран бүтээлчийг жинхэнэ оддын замд дэмнэн гаргасан ба уг дуурийн цомнолын агуулга зарим талаар хэрээст шажны үнэнч сүсэгтнүүдийн зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байжээ.
Э. Вебберийн Христийн тухай бүтээлийг үүнийг сийрүүлэгч 1980 -аад оны дундуур “зөвлөлтийн консерватори”-д сурч байхдаа анх сургийг нь сонссонсон. Түүний нэр, туурвил хөгжмийн сургуулийн сурах бичигт албан ёсоор хараахан байраа эзлээгүй, оюутны дотуур байранд ам дамжсан ярианы сэдэв төдий байсан цаг. Тэр үест түүний зохиосон “Ийсүүс Христ супер од” (Jesus Christ Superstar_1970) гэдэг рок дуурийн дуулиан орос газар чимээлж, “барууны” тэр их хүч түрсэн барууны мэргэжлийн поп урлагийн орос хувилбарт анхны төлөөлөл болсон Алексей Рыбниковын (1945) “Юнон, Авось хоёр” нэртэй шинэ содон рок дуурь ид газар авч, моодонд орж асан үе.
Энүүхэн хэсэгт өгүүлж буй Э. Вебберийн “Ийсүүс Христ Супер од” бүтээлийн хөгжмийн хэл хэллэг нь тун өмнөхөн дэлхийгээр түгээд байсан “Битлз” – ийн ая дууны хөгийн давхар дам дуу цуурай, физикийн цахилгаан соронзон үзэгдэлд дулдуйдсан “цахилгаан даруулт хөгжим болох орган, цахилгаан гитар – цахилгаан хөгжим” гэх тухайн цагтаа сонихон авиа эгшигт шинэхэн мэндлээд байсан хөгжмийн зэмсэгсийн тунхаглал, “цахилгаан роок пооп сонгодог хөгжим” – ийн шинэ эриний эхлэл мэт сэтгэгдэнэ.
Ерөөс хөгжмийн зохиолч гэгч ор хоосон, урд хожид огт байгаагүй ая данг санаанаасаа дур мэдэн ургуулдаг ая дангийн үйлдвэрлэгч биш байх. Өдрийн бодрол, шөнийн зүүдэнд нь гэрлэн сум мэт шунгинан тэнэж, орж ирсэн хөгжмийн сэдэл санааг дав даруй шүүрэн авч, хөгжмийн бичгээр цагаан цаасан дээр зүгээр л хар бэхээр буулгагч бүүр ч биш байх. “Урлагийн гавьяат зүтгэлтэн”, хөгжмийн зохиолч, Эндрю Вебберийн үе чацуутан Самбуугийн Баатарсүх “их сургууль” – ийн барилгын инженерийн ангид 21 настай оюутан байж. 1969 он гэх.
Урьд шөнө зүүдэнд нь орж ирсэн нэгэн хачин аяыг хөгжмийн ноот бичиг хараахан мэдэхгүй тул “Соёл Эрдэнэ” хамтлагийн анхны продюсер Т. Чимиддорж (1921 - 1986) багшдаа хандан, өөрөө амаараа аялан, давхар өөрөө гитардан байж ноотлуулж. Төдөлгүй радиогийн фондод бичүүлэх болсонд “их сургуулийн” эвлэлийн үүрийн дарга хийж байсан “нэвтэрхий Бадраа” гуай “Цэнхэр залаа” гэж нэр хайрласан ба төдөлгүй ард олонд “цаг агаарын мэдээ” гэж түгсэн манай хөгжмийн амьдралд “цахилгаан хөгжмийн анхны монгол тунхаг” болсон өрнийн сонгодог хөгжмийн “рондо” маягийн энгийн гурван ангит хэлбэр бүтэцтэй ятгын гоцлол дан хөгжмийн аяз бүтээл бүтсэн “барууны хөнгөн хөгжим” “ ийн монгол хөг цуурайны анхан түүх ийм аж. Дээр өгүүлсэнчилэн дэлхийн хөгжмийн түүхэн дэхь цөөн тохиолоос дийлэнхүйд нь хөгжмийн зохиолч гэдэг тухайн үндэстэн, цаг түүхийн агшины хэв шинжит ая хөгийг гоц зөнгөөрөө танин барьж, ая дангийн хэлээр уламжлан, боловсруулан, цаг түүхийн нийтлэг, хэв шинжит дүрийг хөг авианы танин барих урлагийн яруу хэрэглүүрээр илэрхийлэн дамжуулагч байх.
Гурван жилийн өмнө Э. Вебберийн илүүтэй алдаршсан “Муужгайнууд” (Cats) мюзиклыг Аврора суурины Парамоунт театрт мөнхүү Бродвейчуудын дэглэснээр бяцхан хүүтэйгээ үзэж билээ. Театрын үүдэнд тасалбар шалгагчтай “...бага насны хүүхдээс том хүний зардал авах гэлээ...” хэмээн нэлээд хэл ам болж, эгээтэй л харуул цагдаадаа тулж, аргагүй “капитализмын ширэн нүүрт, хүрэл зүрхт бизнес” - ийн дүрэмд мөхөсдөхөд хүрсэн нь хүүхдүүд энэхүү жүжгийн орлогын гол эх булаг болохоор арга ч үгүй хэмээн сүүлд бодож билээ. “Хүсэл дээр нь хясах” гэгдэгч америк маягийн арилжаан дахь орлогын үүдийг нээгч “шившлэгт даллага”, мөнгө сэгсрэх үндсэн гох мэх нь билээ л. Манайхан “Сээм ах”-аас үлгэрлэхдээ “юм багатайгаар нь тавлан бөөрөлхөх” хандлага хэвшүүлж буй нь тоогүй...
“Муужгайнууд” жүжгийн хоёрдугаар бүлэгт үзэгдэх Чингис хааныхаа туслах хийгээд дорд дүр, аравт юмуу салаан даргын зиндааны хэргэм төдий гэмээр салбадайрхуу төрхийг (Ghengis) үзээд алмайран харамсаж, бараг төгсгөлд шахуу тус мюзиклын уянгын оргил болсон, их хотын гудмаар цагтаа цалгиж явсан эм муужгайн залуу насаа санагалзан дуулах Гризабеллагийн гол дүрээр “Дурсамж” (Memory) ариг дуулах залуухан од Лорен Виллегасын (Lauren Villegas) дуулайхуйд огшин сууж бүлгээ.
Э. Вебберийн уран бүтээлийнх нь хөгжмийн хэлний нууцад нэвтрэн, дотоод ертөнцийг нь бүрнээр онгичин илтгэсэн намтар, уран бүтээлийн бүрэн хэмжээний анхны хөрөг номыг английн хөгжим, театрын түүхч Жон Снелсон (John Snelson) 2004 онд “Эндрю Ллойд Веббер” нэртэйгээр хэвлүүлсэн ба номынхоо “Амьдралын мөчлөгүүд” гэх эхний бүлэгтээ “...”Муужгайнууд” Бродвэй болон Лондонгийн Вээст Ээндэд хамгийн олон жил тасралтгүй тоглогдож буй бүтээлийн сунгааг толгойлж буй ба дэлхийн 300 орчим хотод, 11 хэлээр орчуулагдан, 2 тэрбум долларын орлого олж, театрт 50 сая гаруй хүн ирж үзсэн... ” гэж бичжээ.
Энэхүү номын дурьдан буй эхний бүлэгт номын зохиогч Э. Вебберийн амьдрал, уран бүтээлийн үечлэлийг санал болгожээ. Бид нэгэнт талийсан гоц уран бүтээлчийн амьдрал, уран бүтээлийн үечлэлийг л он тооллоор зааглан тодорхойлдог гэх ойлголттой байж мэдэх. Угтаа энд өгүүлэн буй бичвэрийн маань үүдлийг өдөөсөн хөгжмийн зохиолч Э. Веббер гэгч маань өдгөө манайд ид аатай яваа хөгжмийн зохиолч Б. Шарав, Н. Жанцанноров нарын маань үе чацуутан, ид бүтээлээ туурвиж байгаа уран бүтээлч шүү дээ !. Ж. Снелсон британийн хөгжмийн амьд сэргэг суутан Э. Вебберийн амьдрал, уран бүтээлийг “Супер Од” - ыг бүтээсэн нь (1948 – 1979); “Бүжиг” ба хамтрагчаа сольсон нь (1980 – 1989); “Наран жаргахуйн цэцэрлэгт гудам” -наас хувь илүү (1990 – 2002) гэж үечилсэн байна.
Бид урлагийн сургуульд суут уран бүтээлчдийн намтар, уран бүтээлийг ихэнхдээ орос багш нарын арга зүйн уламжаар уран бүтээлийнх нь эхлэл үе, анхны амжилтууд, оргил үе гэхчилэн амьдралынх нь мөчлөг уран бүтээл дээр нь жишээлэн өгүүлдэг. Аливаа түүхийн зориулалт нь сургалт болон практик хандлагатай байдаг. Хөгжмийн түүхийн онцлог нь хүн төрөлхтний олон зууны туршид бүтээсэн дуу хуурын шилмэл, бусдад үлгэрлэгч, дахин давтагдашгүй баримт үзэгдэл болсон хөгжмийн уран бүтээлч, тэдний туурвилуудыг цаг хугацааны эрэмбэт хэлхээ, байршил ба түүхэн орон зайн “хронотоп”-д учир утгатайгаар шүүрдэн авчирч, тэдгээрийн нь задлан таниулж, энэ тухайд мэдлэг олгоход оршдог билээ. Аливаа түүхийн бас нэгэн чухал шинж бол он цагийн баримтад тулгуурласан он тоолол болон түүх намтар юм. Он тоолол болон түүх намтар нь тухайн цаг түүхийн үзэл баримтлалд үндэслэсэн алив түүхийн бичвэрийн баримт сэлтийнх нь үндсэн цөм нь болдог ажгуу.
Өрнө дахины хөгжмийн сэргэн мандалт, барокко, сонгодог, романтик зэрэг чиглэл урсгалын зонхилох суутнуудын амьдрал, уран бүтээлийг эх хэл дээр маань анхлан иж бүрдлээр нь танилцуулсан хүн бол манай монголын анхны хөгжим судлаач, Дарамын Батсүрэн (1938 - 1996) агсан юмаа. Түүний бүтээсэн “Хөгжмийн суутан I, II” гэсэн сурах бичиг өдгөө бараг хагас зуун жил манай үндэстний урлагийн сургуулиуд хийгээд бүх нийтийн хөгжмийн боловсролын хичээлийн гол лавлах, гарын авлага нь болсоор байгаа билээ. Э.Веббер өдгөө орчлонгийн баян хөгжимчдийн сунгаанд 1,2 тэрбум долларын хөрөнгөтэй хэмээн түрүү хөгжимч Пол Маккартины дараа дөрөвхөн сая ам. долларын дутуугаар үзүүрт бичигдэж байна. Энэхүү ам. долларын тоо нь манай улсын нэг жилийн туршид түм түмэн пүүлэн тэргээр гадагш гаргадаг “чулуу, шороо” -ны дөрөвний нэгтэй тэнцэнэ гээд бод доо ! Манай хөгжмийн суутнуудын орлогийн тухайд мэдээ олохуйяа бэрх сувдан сондор мэт.
Даяаршсан нийгмийн нээлттэй, өөрсдөө үйлдэн засварлах “либертар” дүрэмтэй цахим нэвтэрхий толь “Википеди” болон Э.Вубберийн хөрөг номд дурьдагдан буй мөнгө төгрөг, үзэгч-тоглолтын эдгээр статистик тоон мэдээлэл нь тэргүүлэгч “жинхэнэ их урлаг” гэгч ямаршуу их ховсдогч “катарсис” хүчийг агуулна вэ ? хэмээн уулга алдуулам. Энэ төрлийн урлагийн энэхүү орлогын дүн үзүүлэлт нь хүн төрөлхтний түүхнээ урдаа ганц нэгийг л гишгүүлэх гойд үйл хэрэг аж.
Манай “статистикийн хороо”-ноос улсын хэмжээн дэхь соёл урлагийн амьдралын тоон илэрхийллийг жил, улирал, сар бүрийд гаргадаг л даа. Ямартай ч манай хөгжмийн театрын хамгийн алдартай жүжиг болох “учиртай гурав”-ыг “дуурь бүжгийн театр”-аас өнгөрсөн наадмаар гэхэд л 2419 дэхь удаагаа нийтэд үзүүлсэн гэх зар бичиг дээрх тоо байх. Тэгэхдээ энэ жүжгийг цөөн ч гэлээ гадаадад хэдэн удаа харуулсан хийгээд Дорнод, Ховд зэрэг олон аймгийн театр дахь тавилт, дэглэлтийн нийт тоон үзүүлэлтийг мэдэх арга бараг алга. Тэр тусмаа эл жүжгийн орлогын тоо оньсого таавар хэвээр үлдэж.
Тэртээ 1950-д оны эхээр суут Л. Мөрдорж “композитор” Москвад оюутан ахуйдаа европ хөгжмийн ухаан монголд анх заасан эрхэм орос сургагч - багш Б. Смирновт шинийн нэгэн бүрийд очиж золгодог. Ийн нэгэн золголтын үеээр “...- миний дуурийн шагнал юу болоо бол ?...” гэх багшийнхаа зовниун асуултад тэр: - “авторын эрх өөр хүнд шилжсээн...” хэмээн өгүүлсэнээ өтөл насандаа үүнийг бичигчид “хоёр зуун хорин мянгат” -ынхаа “хоёр өрөө” - ндөө дурсаж байж билээ.
Энд бид тэнгэрийн лууг газрын могойтой харьцуулан, үр дүнд нь гэнэнээр гутрах шаардлагагүй л дээ. Бидний өгдөг авдаг хэд билээ. Зон олны маань тоо ч юу билээ. Гэсэн хэдүй ч манай зохиолын дуучид, хошин шогийнхоны нэг жилд үйлчилсэн үзэгч, тоглолтын тоо, гар утсандаа татаж авсан нийтийн дуу, цахим тандалтын дүн хийгээд нийт борлуулсан тасалбарын төгрөгөн дүнг гарган харвал манай “жижигхээн” гэх хоч нэртэй зах зээлд маань гайхам их боломж буйг харахвий...Тэр тусмаа манайхан шиг нийтээрээ ном бүтээл, гэгээрэлд шимтдэг дээрийн уламжтай, урлагийн үзвэр хийгээд сайхан бүгдэд цаг нараа чилээн, хоолоо хасаад ч болов тэмүүлдэг оюунлаг сэтгэлгээтэй улсад “социалист тэн дадал” – аа гээчихвэл өргөн дардан зам отож буй билээ.
“Мюзикл” хэмээх хөгжмийн театрын нэгэн төрөл зүйлийг сонирхох явдал манай уран бүтээлч, үзэгчдийн хувьд 10 гаруй жилийн өмнөөс эрчтэй өрнөж эхэлсэн мэт. Анхандаа хошин шогийн продакшнууд мюзикл хэмээн нэрлэсэн зохиолын болон ардын дууны эвлүүлэг хийж эхэлсэн. Эрхэм багш, төрийн шагналт, хөгжмийн зохиолч агсан Ц. Нацагдорж (1951 - 2010) маань “Тунгалаг Тамир” (2007) мюзикл зохиож эхэлсэнийг нь зарим шавь нар нь дуусган бүтээж, МУГЖ Д. Ганхуяг 2011 онд найруулж, ДБЭТ -т амилуулсан байна. Үүнээс гадна “Надад үлдсэн найз” (Б. Алтанхуяг), “Амьдрал” (С. Тараа), “Үйлсийн сайхан Улаанбаатар” (Д.Мөнхболд), “Найрын ширээний ууц” (Б.Батчулуун), “Хязгааргүй” (Б. Бямбабаяр), “Тэнгэрийн аялгуу” (Д.Түвшинсайхан), “Зөрлөг дээр ургасан сарнай” (С. Баатарсүх) зэрэг “мюзикл” төрөл зүйлийн монгол бүтээл цөөнгүй гарав. Мөн түүнчилэн энэ төрөлд “Ромео Жулета” (Жерард Пресгурвич), “Би Эдит Пиаф” (Н. Мазур), “Онц сурлагтанууд орохыг хориглоно” (К. Драгунская), “Чөлөөт хос” (Дарио Фо) зэрэг гадаад бүтээлүүд ч ойрын жилүүдэд монгол үзэгчидтэй учран золгожээ.
Хөгжмийн театрын түүхнээ англи угсаа, хэлтнүүдийн нэмэрлэсэн нэгэн төрөл зүйл бол мюзикл юм.
“Мюзикл” гэж орос хэлнээс амарчлан, кирил монголоор бичиж, хэлэгдэх болсон уг үгийн үүдэл нь “Musical Comedy” гэж англи хэлнээ “хөгжмийн хошин жүжиг” – ийг нэрлэдэг байгаад нэгэн зүйл төстэй хөгжмийн театрын шинэ жүжиг гарсаныг өмнөх хоршоо нэрийг хураан, хөгжимтэй холбоотой хийгдэх алив үйлдлийг тодотгосон маягтай “the musical” гэж бусад төрөл жүжгээс ялган нэгэн үгэнд хураан, тэмдэг нэрийн эс төгссөн “хөгжмийн” гэсэн утгатайгаар XX зууны эхэн үеээс хэлж заншсан нь дуудлагаараа бидний шинэ бичигт “мюзикл” гэж гадны зээлдмэл нэгэн шинэ үг болон тогтож буй бололтой байна. Англи хэлний утгын чимэг болсон зартай толь Вебстерт энэхүү үгийн дөрвөн зүйл утгыг тайлаад, угшил гарвалыг нь дундад зууны англи хэлэнд эртний латин хэлний “musica” гэх “хөгжим” гэх утгатай үгнээс дундад эртний сүүлээр “musicales” болж хувьссан гэх.
Мюзиклын үндсэн гал голомт нутаг нь өдгөө америкийн Нью –Йорк хотын Бродвэй (Btoadway), английн Лондонгийн Вээст Ээнд (West End) гэх есөн хэл, найман зүгийн улс холхин түм түчигнэж, бум бужигнасан төв гудмууд болно.
Мюзикл бол цэвэр англи хэл соёлтны үр бүтээл бас хүртээл урлаг авч, 1980 онд Францын сонгодог зохиолч, яруу найрагч Виктор Гюгогийн “Шоовдор хүмүүс” романаас сэдэвлэсэн франц хөгжмийн зохиолч, жүжигчин, продюсер Клод Мишель Шёнберг (1944) - ийн мөн л “Шоовдор хүмүүс” (Les Misйrable [le mizeʁabl(ə)]) нэртэй мюзикл Парист анх тоглогдож, улмаар Вээст Ээнд, Бродвэй төдийгүй дэлхийн олон орноор англи хэлнээ буун аялж, өдгөө хүртэл гайхам амжилт дагуулан амьдарсаар байгаа нь бас чиг эл хөгжмийн театрын төрөл зүйл цор ганц хэл соёлтны урлаг бус байж болохыг батлан харуулав.
Монголчууд бид дуулалт жүжиг, хөгжимт драмын жүжиг, аялгуут жүжиг, уянгат жүжиг, хошин дуурь гэхчилэн хөгжмийн театрын төс бүхий төрөл зүйлсийг өмнөө ондооноор ялгаатай нэрлэдэг авч, эх хэл дээрх оноолт нэр маань аль нь альнаасаа юугаараа ямар заагтай талаар өдгөө ч маргаан дагуулсаар байдаг билээ. Мюзикл гэх хөгжмийн театрын төрөл зүйл, ай салбарын үүсэл гарвалын түүхийг бид англи, америкийн түүх соёлоос хайх хэрэгтэй болно.
Мэдээж Колумбыг XV зуунд Хойд Америкт хөл тавихаас өмнө эл нутгийн уугуулууд дуу хууртай, бүжиг наадамтай байсан хэрэг. Уугуул нутгийн шастирыг америкийн албан ёсны түүх бичлэг дэлгэр дурьдахгүй ба ерөнхийлсгээд товч хэдэн үгээр ам таглаад орхидог талтай. Арай хожуудуу европчууд ирж, Христийн шажиндаа уугуул зоныг хамруулж, өөрсдөө суугуул суух болсоноор Шинэ Испани, Шинэ Франц гэх газар XVI – XVII зууны зааг гэхэд театр үзвэрийн газар үүсчээ.
Анхны суурин театр 1716 онд өдгөөгийн Вержиниа мужийн Вильямсбург гэх сууринд байгуулагдсан ба бүхий л театрын компани, жүжигчид нь Их Британиас ирдэг байж. Тэд Шекспирийн эмгэнэлт жүжиг сэлтийг үзүүлдэг байснаа арай хожуухан англи маягийн дууль дуурь авчирч байв. 1767 онд америк дуурь анх зохиогдон тоглогдов. Энэхэн цагийн Хойд америкийн хөгжмийн театрын түүх нь өрнийн урлагийн түүхийн үргэлж, нэгэн хэсэг нь болох юм. Тэр цагийн англи хэлээр ярьдаг колони нутгийн хэсэг нь өдгөөгийн АНУ-ын бүрдэл хэсэг болсон аж. Энэ цаг үест америкт америкийн сэдвээр туурвисан хөгжмийн театрын бүтээл гарч байсан хэдүй ч уран бүтээлчдийнх нь ур чадвар тааруугаас герман, франц зэрэг европын оронд хөгжимчин, дуучдыг сургах нь эрхэм байх болжээ.
Ер нь мюзикл гэх төрөл хойд америкийн нутагт өдгөөгийн төрхөө олоход зуу гаран жилийн түүхэн зам туулсан байна.
Бродвэйн “мюзикл” жүжгийн алтан үе ...”Оклахома !” (1943 – III - 31) анх тавигдсан үдшээс эхлэн, “Сонгодог бүжигчид (A Chorus Line)” (1975 – VII -25) нээгдсэн үдшээр төгсөнө...” хэмээн Нью – Йоркийн Их Сургуулийн хөгжмийн театрын багш Жак Вээртэл (Jack Viertel) жилийн гаруйн өмнө хэвлэгдсэн “Америк мюзиклын нууцат амьдрал” (The secret life of the American musical: how Broadway shows are built) номынхоо оршилд өгүүлсэн байх. Өдгөө цагийн дэлхийн мюзикл төрлийн шилмэл бүтээлийн тоонд Леонард Бернстайны “Хотын баруун дүүргийн түүх” (West Side Story_1957), Харви Шмидтийн “Уран зөгнөлүүд” (The Fantasticks _1960), Гэлт Макдермотын “Үс” (Hair_1967), Марвин Хэмлишийн “Кордебалет буюу балетын бүжигчид” (A Chorus Line), К. Шёнбергийн “Шоовдор хүмүүс”, Жонатан Ларсоны “Түрээс” (Rent_1996), Мел Бруксын “Продюсерүүд” (2001), Стийпэн Шаваарцын “Хорон санаат” (Wicked_2003; эл мюзиклын тухай шүүмжийг энэхүү бичвэрийн эзэн өмнө нь тэрлэсэн бөлгөө), Э. Вебберийн “Дуурийн хий үзэгдэл”, Лин – Мануэль Мирандагийн “Гамильтон” (Hamilton_2015) зэргийг бардаатай нэрлэж болох юм.
“Дуурийн хий үзэгдэл” мюзиклыг А. Веббер францын зохиолч, сэтгүүлч, адал явдалт зохиолын нэрт мастер Гастон Лего (Gaston Louis Alfred Leroux_1868 - 1927) - гийн ижил нэрт романаас (Le Fantфme de ľOpйra) сэдэвлэжээ. Тус мюзиклын цомнолыг нь Чарьлз Харт (Charles Hart_1961) туурвисан ба зарим хэсэгт нь Ричард Стилгоу оролцсон байна.
2016-2017 оны зааг.
Бичсэн хөгжмийн шүүмжич, доктор Б. Батжаргал