Сонгогчдын нэг хувиас доошгүй нь нэгдэж нам байгуулах заалтыг 2024 оноос хэрэгжүүлнэ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийсэн. Ингэхдээ Ерөнхий сайд өөрөө сайд нараа томилж, чөлөөлөх, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах тухай хоёр саналыг нэмснээс гадна хоёрдугаар хэлэлцүүлгийн үед дэмжигдсэн саналуудаас 11 саналыг нэмж тодруулах, найруулгын засвар хийж дахин санал хураалт явуулах нь зүйтэй гэж үзсэн юм. Тухайлбал, улс төрийн намтай холбоотой зохицуулалтад нэмэлт тодруулга хийх шаардлагатай гэж үзжээ. Тодруулбал, Үндсэн хуульд анх удаа оруулж байгаа улс төрийн намтай дараах зохицуулалтыг 2024 оноос хэрэгжүүлнэ гэж тодотгох юм байна.
191.1. Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана.
191.2. Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна.
191.3. Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно.