Кюүшюү башёгийн 2 дахь өдөр Их аварга Хакүхо Дайэйшод уналаа
Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн хоёр дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Маэгаширагийн зүүн жигүүрийн манлай бөх Дайэйшод барьцгүй түлхүүлэн дэвжээнээс гарч унаснаар 1 даваа, 1 унаатай болов.
Дайэйшо есдүгээр сарын тэмцээний зургаа дахь өдөр Их аварга Какүрюү М.Анандыг давсан юм. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил, Маэгаширагийн зүүн жигүүрийн гурав дахь бөх Такарафүжиг окуридаши мэхээр унагаж, хоёр даваатай боллоо.
Энэ өдөр Дайшёохо Ч.Шижирбаяр, Маэгаширагийн зүүн жигүүрийн 16 дахь бөх Вакатакакагэд окуридаши мэхээр ялагдаж, хоёр унаатай болсон бол Озэки Такакейшо, Асаноямад ватэташинаге мэхээр ойчлоо. Мөн Озэки Такаясү, Абид ошидаши мэхээр, Митакэүми, Хокүтофүжид цукиотоши мэхээр тус тус уналаа.
Өнөөдөр Дайшёохо Ч.Шижирбаяр, Маэгашира Тэрүцүёошитой, Тамаваши Б.Мөнх-Оргил, Маэгашира Котоюүкитэй, Их аварга Хакүхо М.Даваажаргал, Комүсүби Асанояматай тус тус барилдана.