Баянхошууны Жокероос хотын дарга Жокерт...
-За өнөөдөр хажуу гудамжны ахаас гурван цаасаар авсан олгой хаймраа асуугаад байгаа хүнд нь таван цаасаар өгчихмөөр байдаг. Ядаж байхад Цайз захад аваад ир гээд байх. Тэр хүртэл ирж, очсоор байтал хоёр гурван цаг. Хоёр гурван автобус дамжиж, хотыг бүтэн тойрох шахна. Дугуй чирчихсэн хүнийг автобусанд оруулах ч үгүй. Авгын приусыг гуйгаад гаръя гэхээр дугаарын хязгаарлалттай. Аягүй бол ачуулж баларна.
Эртэд зогсоол олдохгүй, ээжид эм аваад эргэх хооронд аччихсан шүү дээ. Авахгүй гээд яах юм. Ачуулсан машинаа авах гэж явсаар байгаад ажлын ярилцлагад орох гэж байсан маань ч будаа. Тэгж байгаад сарын амьжиргааны мөнгөө тавиад туучихсан хүн чинь одоо ингээд олгой хаймар наймаалцаад сууж байхаас яадгийн. Энэ нэг олгой хаймар, овоохон дугуй хоёрыг зарчихвал ганц цайны хүрэм, зангиа болгоод нөгөө нэг компанийн ажлын ярилцлагад орчих юмсан. Ганц ботинк маань чулуу өшиглөж, шороон дунд таваргасаар байтал юу ч биш боллоо. Аавынх арай л муудчихжээ. Дээр нь хөгшин загвартай.
Ийм хувцастай хүнийг хэн ч ажилд авах билээ. Эртэд уг нь усанд орж угаалга үйлдээд дажгүй залуу л гарсан. Улаан шороо нүүр өөд бургиад, толгой тоосонд булагдаад, тэр нэг үүднээсээ хөөгөөд байсан хүлээн авагч хүүхний зөв юм даа. Тэр ч хөөрхөн хүүхэн байсан шүү. Ажилд ороотохвол аваад суучихмаар. За тэр ч яахав, яаж Цайз зах, Да хүрээ ороод ирдэг юм билээ. Уг нь нэгэнт гэрээс гарсан юм чинь Нарантуул жирийлгээд хүрэм, гутал авчихвал нөгөөдөр амжаад ярилцлагад орчих юмсан. Ээж даанч ойлгохгүй л дээ. Хөл муутай, гэрээс гаралгүй удаж дээ, хөөрхий. Аав зээлээр машин олж уна, тэтгэврийн зээл аваад урьдчилгааг нь төлье гээд байдаг ч зөв шүү. Ажилд ороотохвол зээл ч ногоон гэрлээр л дээ. Түрүү сард бас ингэж унаа тэрэгт боогдож суусаар байгаад дүүгийн хуучин унадаг дугуйг зарж чадалгүй улирлыг нь өнгөрөөчихсөн.
Такси ч ярилтгүй. Зарах гэж байгаа дугуйныхаа үнээр л ирж очиж таарна. Аав уг нь автобусанд үнэгүй сууна. Өгөөд явуулчихаар өвгөн хүнийг элэг бариад зүгээр шахам авчих байх даа. Ерөөсөө ингэж суухаар гарна аа. Олгой хаймраа ч болсон заръя. Гудамжны булангийн дугуй засварын ах харамч гэж яана. Яваад очихоор ганц "Хараа"-гаар тулъя л гэх байх даа. Яадаг ч байсан очоод үзье байз. Ингэхэд энэ хотын дарга гэж ямар амьсгаа байна аа. Нөгөө буурал үст амьсгааг арай залуу амьжиргаа цагаанаар сольсон л гэсэн. Автобус унаагаа аятайхан шийдчихсэн бол над мэтийн ядарсан хүн өдөртөө багтааж асуудлаа шийдээд, шөнөдөө болзоонд гүйгээд, өнөөдөртөө ажилд ороод, маргаашдаа эхнэр авчихгүй юу...өөр өөрийнхөө шалбаагт нам гацаж, навс сууна гэдэг л энэ байх даа...явган таваргаад, нүцгэн жирийлгээд хаа хүрэхэв.
Автобус унаанаас болж амьжиргаа саатаж, ажил саарч, хурд хасагдаж, эргэлт удааширч, эдийн засаг лазагнаж, иргэд нь үнэгүйдэж, хайр дурлал бүр хаа хаанаа гацаж, гудамжиндаа цус ойртох гээд хэцүүдэж байгааг мэдэхгүй мангар гар юм аа. Бизнесийн хүн энэ байтугайг л олж хармаар юм. Одоо бүр дугаарын хязгаарлалтаа хоёр хоног болгоно гэсэн үү, надтайгаа таарсан эргүү орк золиг вэ. Тэгж яривал би чинь ачуулчихсан л болохоос ТҮЦ-ний бизнес эрхэлж байсан хүн шүү. Би хотын дарга болчихвол энэ нөхрөөс илүү дээр хийнэ дээ. Ядаж л автобуснуудынхаа эргэх мартшрутыг олон сонголттой, ойр ойрхон эргэлттэй болгоно. Жижиг оврын, ойрын зайнд үйлчилдэг автобуснууд жирийлгэнэ. Дугаар хязгаарлалаа гээд хүмүүсийн унааны хэрэгцээ буурахгүй гэдгийг мэддэггүй л бацаан юм байх даа.Ингэхэд, дахиад жагсаал болбол очъё. Ерөөсөө л ингэе. Энэ удаа ганц "Хараа"-гаар наймаагаа тохирчихоос доо. Дараа ууртай дээрээ тавьж байгаад тэр хүн хүрч болдоггүй хотын төвд нь хүрч, хөгийн гаруудыг будаа болгоно оо...
Р.Эмүжин