61 иргэнд хүүгүй, барьцаагүй зээл олгоно
Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар байгуулагдсан “Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн парк” гагнуурын электродын үйлдвэр байгуулж олсон ашгаа өрхийн болон ЖДҮ эрхлэгчдэд зээл хэлбэрээр олгох ажлыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Тодруулбал, Энэ удаад тус паркийн ашиг болох 122 сая төгрөгийг 61 иргэнд олгох ажлын шалгаруулалт эхэллээ. Эдгээр иргэдэд 2 хүртэлх сая төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэй, хүүгүй, барьцаагүй хэлбэрээр 24 сарын хугацаатай олгоно.
Нийтдээ 150 иргэн төсөл ирүүлсэн байна. “Эрдэнэт ШУТП”-аас зээл авах хүсэлтэй иргэдийн төслийг 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 27 хүртэл ажлын бүх өдөр хүлээн авсан. Мөн зээлийн танилцуулга үйл ажиллагааг Баян-Өндөр, Жаргалант сумын бүх багт зохион байгуулсан юм.
Дашрамд дурдахад, “Эрдэнэт ШУТП” нь 2018 онд 140 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Тус парк нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн электродын хэрэгцээг 100 хувь хангаж байгаа юм. Дээрх ашгаа бичил болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 19 иргэнд хоёр сая төгрөг буюу нийт 38 сая, хамтарсан үйлдвэр байгуулах хоёр төсөлд нийт 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
Түүнчлэн "Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк" нь одоогоор хэд хэдэн үйлдвэрийн судалгаа хийж байна. Судалгааны дүнд Эрдэнэт хотын дэд бүтэц, эдийн засгийн нөөцөд тулгуурлаж 50 орчим үйлдвэрийг шинээр байгуулж хөгжүүлэх боломжтой гэж үзсэн. Эдгээрээс эхний ээлжид 6 үйлдвэрийг цогцолбор хэлбэрээр хөгжүүлэхээр төлөвлөжээ. Үйлдвэр барих 10 мянган м.кв газрыг орон нутгаас Эрдэнэт шинжлэх ухаан технологийн паркт олгоод байна гэж Орхон аймгийн мэдээллийн төвөөс мэдээллээ.