Үндсэн хуулийг өөрчлөх төсөлгүй болжээ
Эрх баригчид Үндсэн хуулийг өөрчлөхөөр улайран зүтгэж байна. Өчигдөр болсон МАН-ын бүлгийн хурлаар Үндсэн хуулийн төслийг ард түмнээс асуулгүй, гуравдугаар хэлэлцүүлгээр шууд батлах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. Энэ нь цаашид хуулийн хэлэлцүүлгийг “хүч түрж” явуулна гэсэн үг. Ер нь эрх баригчдын Үндсэн хуулийг өөрчлөх байр суурь нь сүүлдээ ор үндэслэлгүй, улс төрийн яриа төдий болж хувирч байна. Учир нь хууль, эрх зүйн хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал аль хэдийнэ мухардалд орчихсон.
Парламент Үндсэн хуулийн эхээ тогтоол гаргаж баталсан ч, дахин тогтоол гаргаж, хуулийн төслөө хүчингүй болгочихсон. Зүй нь бол одоо УИХ-д хэлэлцэн батлах Үндсэн хуулийн төсөл ч байхгүй гэсэн үг. Гэтэл ямар төсөл хэлэлцэж, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгээд “хүчээр” батлахаар улайрч буй нь ойлгомжгүй байна.
Уг нь УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн төслийг дөрвөн сарын хугацаанд хэлэлцсэн. Парламент хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, улмаар УИХ-аас Үндсэн хуулийн төсөлтэй холбоотой 73 дугаар тогтоолыг баталсан байдаг. Ингэхдээ ард түмнээс асуух заалт оруулж, Үндсэн хуулийн эхийг батлаад байв. Гэвч Ерөнхийлөгч эрх үүргийн хүрээнд энэхүү тогтоолд хориг тавьснаар хуулийг хэлэлцэх процесст шинэ нөхцөл байдал үүссэн. Улмаар парламент Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахдаа хуулийн хувьд алдаа гаргасан. Үндсэн хуулийн эхийг баталсан 73 дугаар тогтоолоо хүчингүй болгох 85 дугаар тогтоолыг гээчийг баталсан байдаг.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг бүхэлд нь энэ тогтоолоор хүчингүй болгосон гэсэн үг. Эрх баригчид өөрсдөө гараа өргөөд л Үндсэн хуулийн төслийг цааш үргэлжлүүлэх ямар ч эрх зүйн боломжгүй болгосон. Төсөлгүйгээр хууль баталдаг болчихоогүй л бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг яриад ч хэрэггүй болж байна. Гэхдээ МАН-ынхан аливаа асуудлыг хүч түрэн шийдэх сонирхолтой. Энэ байдлаараа асуудалд хандаж, хүчингүй болгосон төслөөрөө Үндсэн хуулийг баталчихвал яах бол. Өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн төсөлтэйгээ хамт энэ парламент Үндсэн хуулийн цэц дээр л очих байх даа.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин